Шинэ мэдээ

Монгол хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр илэрхийлэхдээ хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний томоохон ололт юм.

Хүннү гүрний үед Монголын анхны төрт улс бий болж төрийн ёслол хүндэтгэлийг хөгжимтэй холбож ирсэн бөгөөд Найрал хөгжмийн түүхийн мөчлөгийг Хүннү гүрний үеэс эхлэн ХIII зуун буюу дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн найрал хөгжмийг бүтээсэн түүхэн оргил үе болох Их Монгол улсын хаан Эзэн Чингис, түүний үе залгамжлагч Өгөдэй, Гүюг, Мөнх нарын үеийн хөгжмийн хороо, их найрал, Хубилай хааны Их Юань улсын ордны их найрал хөгжмийн түүхээс судлан үздэг юм. Эдгээр ордны дуу хөгжим, хаадын үе залгамжлалын тухай үнэ цэнэтэй баримт алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, Вилъям Рубрук нарын тэмдэглэл бичгийн дурсгал, “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч”, “Болор эрхи”, “Хөх судар” зэрэг цаг цагийн түүхэн сурвалж, ном товхимолд хадгалагдан байна.

Чингис хаан, түүний залгамжлагчид байлдан дагуулалтынхаа нүргээн дундаа хүмүүний сэтгэлийн учгыг хөндөж чадах хөгжмийн зэмсгийн хүч чадалд анхааран, эзлэн суусан улс орныхоо шилмэл, шилдэг бүхнийг олж танин, хураан цуглуулж чадсаны үр дүнд өргөө ордондоо олон арван хүнтэй чуулга төдийгүй дөрөв таван зуун хөгжимчинтэй Төрийн их найрал хөгжим бүрдүүлж байсан нь зүгээр нэг зугаа цэнгэлийн хэрэглээ бус шашин шүтлэг, хэл соёлоороо өөр өөр ард түмний сэтгэлийг түвшитгэх төдийгүй тэдний бишрэл хүндэтгэлийг олох холч санааны илрэл байв.

ХХ зууны хоёрдугаар хагаст Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж санаачлан их найрлыг сэргээн Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан нь 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн “Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” зарлигаар өргөжин дахин сэргэсэн юм. Энэ удаад үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчдийн бүтээлүүдийн яруу тансаг аялгууг та бүхэндээ өргөн барихаар боллоо.

Үүнд: Д.АРИУНБОЛД “Нөмрөг хадны дууль” Гоцлол хөгжимчин Д.АДЪЯАДОРЖ

Ж.БИЗЕ “Кармен фантази” Гоцлол хөгжимчин Т.ӨЛЗИЙЖАРГАЛ

Ш. ӨЛЗИЙБАЯР “Эвэр бүрээ, цуур хөгжимд зориулсан концерт” Н.ЖҮРМЭДДОРЖ

Б.ШАРАВ “Шанз хөгжимд зориулсан концерт ” Гоцлол хөгжимчин Ц.БАТЖАРГАЛ

Н.ПАГАНИНИ “Мосе фантази” Голцол хөгжимчин Э.МӨНХБАЯР

Цэн. ЭРДЭНЭБАТ “Торгоны зам” Гоцлол хөгжимчин Ө.АРИУНХИШИГ

ВАН ЖЭ МИН “ №1 Рапсоди” Гоцлол хөгжимчин Ч.ОТГОНБАЯР

Ж.ГЕРШВИН “Блюз Рапсоди” Гоцлол хөгжимчин Г.ШИНЭБАЯР нарын гоцлол хөгжимүүдээс гадна Үндэсний хөгжмийн их найрлын шилдэгийн шилдэг бүтээлүүдийг тоглоно.

Монгол оюуны шавхагдашгүй ундарга

Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрлыг бахдан биширтүгэй