Шинэ мэдээ

Намхай овогтой Буянбаатар
1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1978 онд ерөнхий боловсролын сургууль, 1978-1985 онд ХБДСургуулийг морин хуурч, ардын найрал хөгжмийн удирдаач, хөгжмийн багшаар суралцан төгсөж ҮУИТеатрт хөгжимчнөөр ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
1986 оноос ҮУИТ-ын морин хуурын дөрвөлийн бүрэлдэхүүнд орж ахлагчаар ажилласан байна. Энэ хугацаандаа 1985 оны Монголын оюутан залуучуудын II их наадамд тэргүүн байрын шагналыг хүртэж, Дэлхийн залуучууд оюутны XII их наадамд Морин хуурын дөрвөлөөр оролцож, 1986 онд тус чуулгад үндэсний хөгжмийн "Залуус" хамтлагийг байгуулан ахлагчаар нь ажиллажээ.
Н.Буянбаатар нь 1986 онд Л.Идэрбатын хөгжим "Манай залуус", Ж. Мэнд-Амарын хөгжим "Жок" бүжгийн хөгжмийг амжилттай удирдан тоглуулж удирдаачийн уран бүтээлийн анхны гараагаа эхэлсэн байна. Мөн 1987 онд "Хаврын дуу" шинэ уран бүтээл, Х.Билэгжаргал, С.Сүхбаатар нарын "Торгууд бүжгийн чуулбар"-ыг удирдан тоглуулсан нь анхны томоохон уран бүтээлийн нэг болжээ.
1994 онд Голланд улсын Утрих хотноо жил бүр зохиогддог Олон Улсын аялал жуучлалын үзэсгэлэнд оролцож Монголын морин хуурын дөрвөлийг Европ тивд анх удаа эгшиглүүлсэн байна.
Н.Буянбаатар нь 1987 оноос Д.Лувсаншарав, Д.Бадраа нарын "Сүнжидмаа" дуулалт бүжгийг дахин сэргээн тоглуулахад ерөнхий удирдаачаар, 1990 онд бүтээгдсэн "Бадарчин" уран бүтээлийн ерөнхий удирдаачаар, "Баньд нар" бэсрэг бүжгийн жүжгийн удирдаачаар, 1993 онд ТШ. Н.Жанцанноровын Дан хөгжмийн ба дууны уран бүтээлийн концертонд удирдаачаар, 1996 онд Монголын үндэсний 2 дахь бүжгийн жүжиг болох "Алтан ураг" бүжгийн жүжгийн ерөнхий удираачаар, 1998 онд бүтээгдсэн "Монгол түмний дуу II" уран бүтээлийн удирдаачаар, 1999 онд Ж.Мэнд-Амарын хөгжим, С.Сүхбаатарын дэглэлт "Монгол угсаатны уламжлалт" бүжгийн удирдаачаар, 2006 онд "Их хүлгийн туульс", бүжгийн жүжгийн ерөнхий удирдаачаар, 2006 онд "Ардын дуун цацал" дууны уран бүтээлийн ерөнхий удирдаачаар, 2007 онд "Монгол нутаг мину" концертын ерөнхий удирдаачаар, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн концертын удирдаачаар, 2008 онд Их Монгол Улс байгуулагдсаны 802 жил, Ардын хувьсгалын 87 жилийн ой зэрэг Төрийн хүндэтгэлийн концертуудад удирдаачаар 20 гаруй жил амжилттай ажиллаж, 2006 оноос Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий удирдаач, Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн их найрлын ерөнхий удирдаачаар одоог хүртэл ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа тус чуулгын морин хуурч, морин хуурын дөрвөлийн гишүүн, ахлагчаар ажиллан дэлхийн олон оронд зохиогдсон Олон Улсын Ардын урлагийн фестиваль, Монголын соёлын өдрүүд, хөгжмийн их наадмуудад амжилттай оролцохын зэрэгцээ сүүлийн жилүүдэд Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн бие даасан "Монголын сайхан орон" концертыг өөрийн болон гадаад оронд удаа дараа удирдан тоглуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авсаар байгаа юм. Үүний зэрэгцээ Хөгжим бүжгийн коллежид морин хуур хөгжмөөр мэргэжлийн залуу боловсон хүчин бэлтгэхэд хүчин чармайлт гарган олон шавь нар нь мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаанд шагналт байруудыг эзэлсээр байна.
Н.Буянбаатар багшийн шавь нар нь мэргэжлийн урлагийн байгууллага болох Монгол Улсын Морин хуурын чуулга, Үндэсний Урлагийн Их Театр, бусад орон нутгийн театр, чуулгад амжилттай ажиллаж үндэсний урлагийг өвлүүлэх, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа юм.
Н.Буянбаатар нь сүүлийн 20 гаруй жилд Үндэсний Урлагийн Их Театр тайзнаа туурвигдсан дуулалт жүжиг, бүжгэн жүжиг, урлагийн мастеруудыг концерт, Монгол улсын Ардын болон гавъяат жүжигчид, гоцлол дуучдын бие даасан уран бүтээлүүд, дан хөгжмийн бүтээлүүд зэрэг 200 гаруй уран бүтээлийг удирдан тоглуулжээ.
Түүнчлэн Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найралыг удирдан "Beautiful Mongolia" нэртэй 2 цомог, мөн дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн хөөмэй, морин хуур, уртын дууны өв сангаас бүрдсэн "Best of Mongolian Music Heritages" цомог зэргийг бүтээн монгол урлагаа дэлхий дахинд сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Түүний авъяас билиг, хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2001 онд, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар 2001 онд, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Тэргүүн дээд шагналыг 2008 онд, Нийслэлийн "Хүндэт тэмдэг" 2009 онд, УБ хотын "Хүндэт тэмдэг" 2010 онд тус тус шагнажээ.
Н.Буянбаатар нь ардын урлагийн гайхамшгийг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулан БНСУ, ОХУ, Швейцарь, Голланд, Сингапур, Тайвань, Герман, Франц, БНХАУ, БНЭнэтхэг, АНУ, Бангладеш зэрэг орнуудаар мөн 2006, 2007, 2008,2009,2010 онд БНСУ-д айлчлан тоглосон "Монголын сайхан орон" Үндэсний найрал хөгжмийн концертыг амжилттай удирдан тоглуулж олон орны үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Н.Буянбаатарын үндэсний урлагийг хөгжүүлэхэд өөрийн авъяас, билиг, ур чадвараа зориулан Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад хөгжимчин, хөгжмийн удирдаачаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, монгол ардын урлагийг өөрийн оронд төдийгүй гадаад оронд сурталчлах, тус чуулгын уран бүтээл болох "Нарны домог" "Алтан ураг", "Их хүлгийн туульс" бүжгийн жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Сүнжидмаа", "Үлэмжийн чанар" дуулалт жүжиг, "Ишиг хөөрхөн нэр" хүүхдийн бүжгийн жүжиг, "Монгол түмний дуу-I, II ", "Ардын дуун цацал", "Монгол нутаг мину", "Хөх монголын эгшиглэн" концерт, "Алтан намар" хөгжмийн наадмын концертууд, ҮДБЭЧуулгын 60-жилийн ойн цуврал концертууд, 2006-2010 онуудад БНСУ-д тоглогдсон "Монголын сайхан орон" Үндэсний Их найрал хөгжмийн концерт, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Ардын хувьсгалын ойн хүндэтгэлийн концертуудад, Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөн 20 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 зэрэг ойн концеруудыг удирдан тоглуулсан авъяаслаг удирдаач билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батламжилсан Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрлын ерөнхий удирдаачаар амжилттай ажиллахын зэрэгцээ Монголын үндэсний хөгжмийн зэмсгийг боловсронгуй болгох, мэргэжлийн залуу боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.


  • admin
  • 4 жил, 10 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл