Шинэ мэдээ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт шинэ оны ажлаа НҮҮДЭЛЧДИЙН АЯЛГУУ тоглолтоороо эхлүүлж байгаа бөгөөд Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралтанд зориулан тоглож байгаагаараа онцлогтой. Үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, ирээдүйн үзэгчдээ бэлтгэх зорилгоор Эрдмийн тодотголтой чуулга маань тоглолтын өмнө багш, сурагчиддаа зориулж 20 минутын “СУРГАЛТ” буюу өөрсдийн үйл ажиллагаа болон монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдарч буй ард түмнийхээ дуу хуур, хөгжим, бүжиг наадам, үндэстэн ястаны хувцас хунар, амьдралын онцлог, зан заншлын тухай ТАНИН МЭДЭХҮЙН ОЙЛГОЛТ, МЭДЭЭЛЭЛ-ийг ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжим албаны дарга Х.Энхбат нар бэлтгэн хүргэх болно. Сургалтанд Монгол угсаатны онцлог, Ардын хөгжмийн зэмсгийн онцлог, дуугаралтыг танилцуулахаараа илүү онцлог билээ.

“Нүүдэлчдийн аялгуу” уран бүтээлийн товч танилцуулга

Найруулагч – Д.Ганболд, Хөгжмийн зохиолч – М.Бирваа, Удирдаач – Р.Ганбат,

Тайзны зураач – Т.Түмэн-Өлзий

Энэхүү тоглолт нь Монгол орны 4 зүгт байгаа олон үндэстэн, ястануудын дуу, хөгжим, бүжгүүдүүдээс ҮДБЭЧ-ын урын санд урьд өмнө нь байгаагүй дээжлэн авсан бүтээлүүдээс бүрдэж байгаа бөгөөд ховордож мартагдах дөхсөн үзэмчин ардын “Бүүвэйн дуу”, “Сэмжин үүл” дуу, Хотгойд ардын “Сүгсээ хүүхэн” дуу, Ордос ардын “Хун галуу” дуу, Боржигон ардын уртын дуу “Хээрхэн халтар” дуу, “Төмөр хуурын цуурай” хөгжмийн зохиомж, морин хуурын гоцлол, оркестрын “Их нүүдэл” хэмээх зохиол нь хэлбэр агуулгын хувьд маш баялаг юм. Учир нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмэй, магтаал, цуур хөгжим, ширэн цартай хуур, нуман хуур, чулуун царгил, суухан хуур зэрэг ховор нандин хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг нэгтгэж нэгэн зохиолд багтааж харуулж байгаагаараа онцлогтой. юм.

Тайзны хувьд ахуй байдал тал рүү нилээд дөхүүлж, монгол гэрийн гадна, дотор талын байдал хийгээд говийн монголчуудын хэрэглэдэг тэмээн тэрэг, Хангайнханы хэрэглэдэг үхэр тэрэг, буриадуудын хэрэглэдэг хоток морин тэрэг, дархад цаатангуудын хэрэглэдэг чарга зэрэг эд хэрэглүүдийг бодит байдлаар хийж концертын зохиомжид оруулж байна. Бас концертын фон болгож монгол орны 4 зүгийн байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг фото болон видео дүрсээр концертын бүхий л туршид үзүүлэх болно.

Тоглолтын хуваарь:

2013 оны I/12-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу

I/13-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу

I/21-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу

I/22-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу тус тус тоглоно.

  • admin
  • 5 жил, 8 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл