Grand TheatreАлдартнуудС.Сүндэд /УГЗ/

С.Сүндэд /УГЗ/

МУГЖ, Удирдаач

С.Сүндэд нь Ховд аймгийн Буянт сумын нутагт 1938 онд төржээ.

С.Сүндэд нь МҮЭ, МУАХХ, МХоЗэХХ –ний гишүүн,

1963-1970 онд ЗХУ-ын Алма-Ата хотын хөгжмийн дээд сургуулийг найрал дууны удирдаачийн мэргэжлээр төгссөн.

1956-1963 онд Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд сумчин,жижүүр, Соёлын ордны дуучин, дууны багшаар, 1970 оноос ҮДБЭЧ-д найрал дууны удирдаачаар, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаачаар тус тус ажиллаж байсан.

1960, 1976 онд хөдөлмөрийн хүндэт медаль

1981 онд МУГЖ цолоор, ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан,

1973 онд ДЗО-ны 10-р их наадмын тэргүүний ажилтан цол тэмдгээр,

5,6,7,8-р таван жилийн гавшгайч,

Улаанбаатар хотын 10 дахь удаагийн сонгуулийн 28-р тойргийн их хурлын төлөөлөгч, улаанбаатар хотын депутатаар сонгогдож байсан.

Тэрээр симфони найрал хөгжимд зориулсан дэлхийн сонгодог бүтээлийг ардын найрал хөгжимд хөрвүүлэн олон арван дан хөгжмийн зохиолыг ардын найрал хөгжимд зориулан зохиож өөрөө удирдан тоглуулж олон орны тайзнаа их амжилт олсон. 20 гаруй бүжгийн хөгжмийг бичиж  хөгжим, бүжиг, дууны 100 шахам оркестрийн найруулга хийж чуулгын урын санг баяжуулсан.

Олон арван дуу зохиож нийтийн хүртээл болгож, улмаар дуулаачдын дуулах ур чадварыг дээшлүүлэхэд үр дүнгээ өгсөн ба 200 гаруй бүтээлийг удирдан тоглуулсан.

Анх удаа үндэсний найрал хөгжимд бүжгийн жүжгийг удирдан тоглуулсан удирдаач юм.

Д.Лувсаншаравын “Сүнжидмаа”, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”, Н.Жанцанноровын “Торой банди” зэрэг үндэсний балет, дуулалт жүжиг, дуу хөгжим бүжгийн цоморлигийг удирдахдаа өрнүүлгийн гол зангилаа зөрчлийг оновчтой зөв олж хөгжмийн нэгэн цул цогцос бүрэлдүүлэхэд ихэд мэргэшсэн хөгжмийн удирдаач, найруулагчийн зиндаанд хүрч чадсан уран бүтээлч юм.

Монгол ардын хөгжмийн зэмсгүүдийн ая зан, дуурьслын чадавхийг төгс судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чаддаг, удирдаачийн онолын мэдлэг, арга ажиллагааны дадлагыг сайн эзэмшсэн туршлагатай удирдаач болохоо өөрийн орны төдийгүй гадаадын олон мянган сонсогч, үзэгчдэд нэгэнтээ баталсан юм,

Тус чуулгад ажилласнаар чуулгын хамт олон бүжгээс бүжгэн жүжиг, дуунаас дуурь, хөгжмийн жижиг бүтээлээс симфони болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээл тоглодог болсон нь удирдаач С.Сүндэдийн уйгагүй хөдөлмөр, ардын найрал хөгжмийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэсэнтэй холбоотой билээ.