Шинэ мэдээ

МУГЖ Шагдарын Одонтуяа

1971 онд улаанбаатар хотод төрсөн.

1981 онд ХБДС-ийн ардын бүжгийн ангид элсэн суралцан,

1988 онд ХБДС- аа төгсөөд ҮУИТеатрт орон өнөөг хүртэл тасралтгүй 24 дэх жилдээ бүжигчнээр ажиллаж байна.

1987 оноос эхлээд ҮУИТ-ын тайзнаа 6 том үндэсний бүжгэн жүжгийг дэглэн найруулсан ба 100 гаруй бүтээлд гоцлол болон туслах дүрүүдийг бүтээсэн.Тэрээр гоцлол бүжигчний хувьд маш олон цөөхүүл бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэж, олны хүртээл болгож чадсан юм.

Мөн өөрийн тайзнаа тавигдсан "Мэргэнд буусан чоно " анхны модерн бүжгэн жүжгийн гол дүрд Хуагчи эмгэн, "Нарны домог " бүжгийн Алунгоо эх, мөн 2006 онд шинээр тайзнаа тавигдсан "Монголын бахархал" гурвалсан бүжгийн жүжгийн монгол бөхийн дуулал хэсгийн гоцлол жижиг бөхийн дүрээр, "Бөртэ чоно" бүжгийн жүжгийн Гоо маралын гоцлол дүр, Их хүлгийн туульс хэсгийн уургач бүсгүйн дүр, 2009 онд тавигдсан "нүүдэл" бүжгэн жүжгийн удган бөөгий гол дүр, хүн сүргийн омгийн ахлагчийн гол дүрүүдийг тус тус амжилттай бүтээн үзэгч олноос өндөр үнэлгээ авсан.

Ш.Одонтуяа нь бүжиг дэглээчээс шаарддаг уран сайхны логик сэтгэлгээ, тавилт, дүрийн өвөрмөц онцлог, бүжгийн техник үйлдэл зэргийг мэргэжлийн ур чадвар, нүүрний хувирал, жүжиглэлттэй хослуулах шаардлагыг бүрэн ханган уран сайхны өндөр түвшинд бүжиглэж чаддаг манай тэргүүний авъяаслаг уран бүтээлч юм.

Ш.Одонтуяа нь 1987 онд мэргэжлийн бүжигчдийн улсын анхдугаар уралдаанд "Хос биелэгээ", "Унага" бүжгүүдээрээ шагналт байр, 1990 онд "Дарханы хавар " мэргэжлийн бүжигчдийн уралдаанд "Сээтэгнүүр" бүжгээр Тэргүүн байр, 1988 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон "Азийн урлагийн наадам", 1999 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон "Азийн ардын урлагийн наадам", 2000 оны БНАСАУ-ын Пхеньян хотод болсон "Хаврын баяр" урлагийн наадмуудад гоцлол болон олны танил бүжгийн төрлөөр амжилттай оролцож МӨНГӨН цом хүртсэн.

2001 онд БНАСАУ-ын Пхеньян хотноо болсон "Хаврын баяр" урлагийн наадмын уралдаанаас гоцлол бүжгийн төрлөөр Гран-При шагнал хүртэж монгол урлагийн бүжгийн гайхамшгийг дэлхий дахинд таниулахад жинтэй хувь нэмэр оруулсан.

2010 онд Тайвань улсад болсон ардын урлагийн Фестиваль, ман онд Казахстан, Москва хотуудад зохиогдсон монголын соёлын өдрүүд, 2011 онд БНСУ-д зохиогдсон монголын соёлын өдрүүдэд "Аягат" "Жороон жороо" "Салхит шувуу" бүжгийн гоцлолыг хийж амжилттай оролцсон.

2005 онд "Алтан хараацай" олон улсын гоцлол бүжигчдийн анхдугаар уралдааны Гран-При, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн 2-р уралдаанд гоцлол бүжгээр тэргүүн байр, хоёрлоор тэргүүн байр, цөөхүүл бүжгээр тэргүүн байрыг тус тус хүртсэн.

Мөн 2011 онд зохиогдсон зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн 3-р уралдаанд хоёрол бүжгийн төрлөөр Гран-При, цөөхүүл бүжгийн төрлөөр Гран-При тус тус хүртсэн.

Түүний үнэхүү их амжилт хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж 1995 онд Соёлын яамны хүндэт жуух, 2000 онд Алтан гадас одон, 2001 онд МУСТА цол тэмдэг, 2005 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр шагнагдаж, 2011 онд Оны шилдэг бүжигчин Мөнгөн Цомын эзэн болсон.

2005 онд СУИС-ийг бүжгийн багш, балетмейстрийн мэргэжлээр бакалавр,2009 онд магистр зэрэг. Чуулгын 2007 оны шинэ уран бүтээл болох "Монгол нутаг мину"-д, "Хангайн хүрхэрээ", "Самрын гурван толгой дуут бүжиг"

2009 онд Чуулгын уран бүтээл болох "Ишиг гэдэг хөөрхөн нэр" хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийн хургануудын бүжиг.2011 онд "Сөөм газар", "Өртөөнд", "Хүсэл", "Ганган тоорцог" зэрэг бүжгүүдийг дэглэн найруулсан.

Гадаадын тэмцээн уралдаанаас олон шагнал авч байсан Ш.Одонтуяаг 2007 онд МУГЖ цол тэмдэгээр шагнаж түүний мэргэжлийн ур чадвар, уран бүтээлийн амжилт гайхалтай авъяас билгийг мялаасан байна.

  • admin
  • 4 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл