Танилцуулга

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нь анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол 80-д оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон Дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон юм.

Ардын урлагийн яндашгүй өв санг хамгаалж өвлүүлэх, орчин цагийн урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон"-оор шагнагдсан бөгөөд тус театраас:

  • Хөдөлмөрийн баатар -3,
  • Төрийн шагналтан - 8,
  • Ардын жүжигчин -8,
  • Урлагийн гавъяат зүтгэлтэн -6,
  • Соёлын гавъяат зүтгэлтэн -2,

Улсын гавъяат жүжигчин -44, нийт уран бүтээлчдийн 50 гаруй хувь нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан байна.

Одоо тус чуулга нь хорь гаруй дуучин, Үндэсний хөгжмийн их найралын 70 орчим хөгжимчин, АЖ, ТШ Ц.Сэвжидийн нэрэмжит 50 гаруй бүжигчин, уран нугараач, уран сайхны удирдагч, багш нар, захиргаа, маркетинг, арын алба нийлсэн нийт 220 ажиллагсад, тусгай мэргэшсэн өндөр ур чадвар бүхий уран бүтээлчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус театрын дэргэд уран бүтээлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: “Монголын уртын дууны холбоо", “Монгол хөөмэйн холбоо", “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо", “Ардын бүжгийн нийгэмлэг" зэрэг төрийн бус байгууллагуудыг театрын нэрт уран бүтээлчид толгойлон ажилладаг.