Танилцуулга

Үндэсний Урлагийн Их Театр нь анх зургаан хөгжимчин, таван дуучин, зургаан бүжигчин, хоёр циркчин, нэг уран уншигчийн бүрэлдэхүүнтэйгээр 1945 оны 04 дүгээр сарын 07-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны хамтарсан хурлын 23/20 тоот тогтоолоор “Эстрад концертын товчоо" нэртэйгээр үндэслэгдэн байгуулагдаж улмаар 1950 оны 12-р сарын 01-ний өдөр МАХН-ын төв хорооны "Улс төрийн товчоо" хуралдан 72/114 дугаарын тогтоолыг гарган “Ардын дуу танцын улсын ансамбль" хэмээн өөрчлөгдөж өнөөгийн тулгын чулуу тавигдсан билээ.

Монгол улсын Засгийн газрын 2002 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 166-р тогтоолоороо Улсын ардын дуу бүжгийн чуулгыг, “Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга" хэмээн өөрчилсөн нь чуулгын түүхийг бүтээлцсэн үе үеийнхний алдар гавъяа, хөдөлмөрийг үнэлж ЭРДМИЙН хэмээх цолыг олгосон нь томоохон үнэлгээ, нэр төрийн хэрэг болов.

Чуулгын уран бүтээлүүд цаг үе, мэргэжлийн түвшингээ даган шинэчлэгдэн өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд хөгжим, дуу, бүжгийн томоохон бүрэлдэхүүнээр 200 орчим уран бүтээлч ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Чуулга нь ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн орны болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа бүтээн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл болон ардын бүжгэн жүжиг, дуулалт жүжиг, орчин үеийн модерн бүтээл зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн байгууллага юм. Чуулгын уран бүтээлийн өсөлт хөгжилт нь үе үеийнхний авъяас чадвар, хүч чармайлт, бүтээлч сэтгэлгээ, оновчтой бодлоготой салшгүй холбоотой.

1962 оны 12 сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн хугацаанаас тус чуулгын “Үндэсний их найрал хөгжим" шинэ цагийн түүхийн хуудсаа тоолж байна.

Бүжиг анги нь 1945.12.01-нд Эстрад концертын товчоо байгуулагдахад үүсэн бий болсон. Одоо 50 гаруй уран бүтээлчидтэй ба манай хамт олон 1996 оны 2-р сарын 9-нд Монгол Улсын Гэгээрлийн Яамны Сайдын тушаалаар Төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит бүжиг анги болсон.

ҮДБЭЧ-нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны Монгол улсын засгийн газрын 129-р тогтоолоор МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР болсон билээ.