Grand TheatreМэдээНарны домог

Нарны домог

Социализмын үед Монголын хаад, хатдын түүхээс сэдэвлэсэн уран бүтээл хийх нь бүү хэл, энэ тухай ярих ч хориотой байсан гэдэг. Гэхдээ цаг наашилж байсны үрээр Алунгоо эхийн домгоос сэдэвлэсэн “Нарны домог” ардын бүжгэн жүжиг тайзнаа амилсан түүхтэй. Монголын хамгийн анхны ардын бүж гэн жүжиг нь энэ төдийгүй үйл явдал, намтар түүх нь сонирхолтой байсан учраас л тэр цагаас хойш үзэгчдийн талархлыг хүлээсэн биз ээ. Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар “Тухайн үед хөрөнгөтний нийгмийн үзэл суртлыг нэвтрүүлэх гэлээ гээд сүйд болдог байсан. Сайд, дарга нараас ардын бүжгэн жүжиг тавихыг зөвшөөрөх нэг ч хүн байгаагүй. Тэгэхэд Соёлын яамны дэд сайд байсан Нарантуяа “Бүх хариуцлагыг нь би үүрье” гэж хэлээд “Нарны домог”-ийг хийлгэж байлаа. Түүнээс хойш жуулчид энэ бүжгэн жүжгийг л захиалж үздэг болсон. Мөн түүхэн бүжгэн жүжгийн хувцас энэ бүтээлээс үүдэлтэй. Нэг үгээр хэлбэл, тухайн үеийн урлагт тэсрэлт хийсэн юм. Дараа нь “Мандухай цэцэн хатан” кино дэлгэцэнд гарсан” хэмээн ярьж байсан.

Өөрчлөлтийн салхи сэвэлзэх хүртэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдлагууд энэ бүжгэн жүжгээс болж олонтаа шүүмжлүүлсэн гэдэг. Одоо бол “Нарны домог” тус чуулгын урын санд байгаа цөөн том бүтээлийн нэг нь. Нандин дурсамж, багагүй тэмцлийн үр дүнд бий болсон энэ бүтээлийн 25 жилийн ойн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Таван жилийн өмнө “Нарны домог” бүжгэн жүжгийн 20 жилийн ойг тэмдэглэснээс хойш жил бүрийн гуравдугаар сард тоглодог уламжлалтай. Тиймдээ ч таван баатрын дүрийг хэн бүтээх бол, хэн гэдэг бүжигчин Алтан наран, Алунгоо эхийн дүрийг бүтээгээ бол гэсэн хүлээлтийг үзэгчдэд бий болгодог болжээ. “Монголын нууц товчоо”-нд эе эвээ умартсан таван хөвгүүнээ ухааруулсан Алунгоо эхийн сургаал, домог бичээстэй бий. Багцалсан таван сум мэт эвтэй байхыг сургасан энэ домгоос сэдэвлэн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Нарны домог”- ийн цомнолыг бичжээ. Хүний орчлонг гийгүүлэгч наран мандаж байвал ард олон тайван амгалан жаргадаг учиртай.

“Нарны домог” бүжгэн жүжигт эхийнхээ сургаалаар эв санаа, хүч чадлаа нэгтгэсэн хөвгүүд доод тивд очиж, хулгайлагдсан нарыг аварч ард олноо жаргааж байгаа тухай өгүүлдэг. Энэ удаа таван баатрын дүрд А.Бат хүү, Х.Хашхүү, О.Тулга, Э.Ганзориг, З.Цэцэн-Эрдэнэ нар хувирав. Алтан нарны дүрийг Ж.Мандухай, Алунгоо эхийн дүрийг М.Бямбаа нар бүтээсэн юм. Мөн “Нарны домог” бүжгэн жүжигт гавьяат жүжигчин Ц.Алтангэрэл хоёр хүүгийнхээ хамт бүжиглэсэн бол гавьяат жүжигчин Г.Зоригт шавь А.Даваахүүтэйгээ тайзнаа барилдаж хүчээ үзэн бүжив. Энэ бүжгэн жүжгийг тайзнаа амилуулснаас хойш Ц.Алтангэрэл гавьяат уяач болж, Хүүхдийн ордны сурагчдын хамт бүжиглэдэг болсон тул түүнийг хөтлөгч “25 жил морь уясан алдарт уяач” хэмээн зарласан юм.

Ардын яруу тансаг бүжгийн хөдөлгөөнөөр дэглэн найруулсан С.Сүхбаатарын бүтээл, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын хөгжимтэй нэгдэж үзэгчдэд баяр, бахархал бэлэглэж чадлаа. Цаашид ч 30, 40, түүнээс олон жилийн ойгоо тэмдэглэж домог амилуулан, бахархал төрүүлсээр байх биз ээ.

Leave a Reply