Grand TheatreБүжгэн жүжиг“Монголын их хатад” бүжгэн туульс /2013 он/

“Монголын их хатад” бүжгэн туульс /2013 он/

“Монголын их хатад” бүжгэн туульс бүтээл нь Монголын түүхэнд домог болсон 9 хатны түүхэн гавьяаг тод томруун толилуулсан бүтээл юм. “Монголын их хатад” бүжгэн туульс бүтээл нь түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахын зэрэгцээ тухайн үеийн Монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьсан нь онцлог бүтээл болсон.
“Монголын их хатад” бүжгэн туульсын түүхэн дүрүүдийг авьяас төгөлдөр гоо үзэсгэлэнт гоцлол бүжигчид бүтээн туурвиж, төрүүлэн гаргасан юм.

Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх Гоо Маралын дүрд бүжигчин С.Цэцгээ

Алтан сургаалаараа домог болсон Алунгоо эхийн дүрд бүжигчин Г.Уянга

Тэмүүжин-Чингисийн эх, “Төрийн хатан эх” өргөмжит Өэлүн хатны дүрд бүжигчин Т.Ариунжаргал

Чингис хааны их хатан, “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” цолыг ач хүү Хубилайгаар нэхэн шагнуулсан Бөртэ хатны дүрд бүжигчин П.Мөнхцацрал

Өгэдэй хааны хатан бөгөөд хааныг насан өөд болсны дараа Төрийг барьж байсан хатан Дөргөнэ буюу Туркана хатны дүрд бүжигчин Э.Номин

Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан, Чингис хааны зарлигаар “Төрийн бөө, цэцэн хатан”-аар өргөмжлөгдсөн Сорхугтани хатны дүрд бүжигчин М.Бямбаа

Хубилай хааны хатан, ач хүү Өлзийт Төмөр хаанаас “Гэгээн ухаант зохист хатан эх”-ээр өргөмжлөгдсөн Чимбай буюу Чабуй хатны дүрд бүжигчин Л.Энхболор

Алтан ургийн төлөө Боржигон удмын Баянмөнх жононг аварсан их гавьяатан Самар хатны дүрд УГЖ Ш.Одонтуяа

Монгол төрийг дөчин жил нэгтгэн захирсан сэцэн билигт хатан Мандухайн дүрд бүжигчин Ж.Мандухай нар тоглож “Монголын их хатад”-н дүрийг анх тайзнаа амилуулсан юм.

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор ажиллан Гоо марал, Алунгоо, Өэлүн ээж, Бөртэ, Дөргөнэ, Сорхугтани бэхи, Чимбай, Самар, Мандухай гэсэн есөн хатдын бүтээлийг өөр өөрийн өнгө будаг, хэв загварыг хөгжмийн хэлээр бүээсэн байна.

Leave a Reply