Grand TheatreБүжгийн албаАЛТАНГЭРЭЛИЙН БАТХҮҮ /МУГЖ/

АЛТАНГЭРЭЛИЙН БАТХҮҮ /МУГЖ/

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

1995 онд Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллежид элсэн орж 2000 онд бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөөд, ҮУИТеатрт бүжигчнээр одоог хүртэл тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байна. Ийнхүү ажиллах хугацаандаа 2005 онд Хөх хотод дасгалжуулагч багшаар уригдан ажилласнаас гадна, 2009 оноос 2011 оны хооронд бүжгийн багш дасгалжуулагч мэргэжлээр ХБКоллежид суралцан бакалаврын зэрэгтэй төгссөн. Суралцах хугацаандаа ардын бүжиг болон олон үндэстний бүжгийн хичээл зааж, Ардын бүжгийн 72 дахь жилийн төгсөлтийг удирдан төгсөгжээ.

А.Батхүү нь бүжиглэх хугацаандаа ҮУИТ-ын бүхий л уран бүтээлийн болон, Төрийн тоглолтуудад чуулбар бүжиг болон гоцлол бүжгээр тасралтгүй оролцож ирснээс гадна ҮУИТеатрт тавигдсан үндэсний болон модерн бүжгэн жүжгүүдийн гол ба туслах дүрүүдийг амжилттай чадварлаг бүтээж ирсэн.

А.Батхүү нь бүжиглэх ур чадвар, техник, хурд хүч, дүрийн хувиралтаараа тайзны бүжгийг гайхамшигтайгаар амилуулж бүжиглэж яваа тэргүүний шилдэг уран бүтээлч юм.

А.Батхүү нь тус театрын тайзнаа тавигдсан анхны модерн бүжгийн жүжиг болох Н.Жанцанноровын хөгжим Д.Баярбаатарын дэглэлт “Мэргэнд буусан чоно”–ын бүжгэн жүжгийн Таху, үндэсний бүжгэн жүжгүүд болох Б.Лхагвасүрэнгийн цомнол Хөдөлмөрийн баатар Төрийн соёрхолт Д.Лувсаншаравын хөгжим С.Сүхбаатарын дэглэлт “Нарны домог” бүжгэн жүжгийн Ногоон баатар, “Их хүлгийн туульс” бүжгэн жүжгийн Хоёр загал, Б.Лхагвасүрэнгийн цомнол Б.Шаравын хөгжим С.Сүхбаатарын дэглэлт “ Алтан ураг” бүжгэн жүжгийн Дармаалаа, Төрийн соёрхолт Төрбатын цомнол Төрийн соёрхолт Нацагдоржийн хөгжим, Д.Баярбаатарын дэглэлт “Нүүдэл” бүжгэн жүжгийн Модун, Мэнд-Амар, Бат-Эрдэнэ нарын хөгжим А.Даваахүүгийн дэглэлт “Шилийн богдын салхи”- бүжгийн гоцлол, Францын бүжиг дэглээчийн “Баавгай луугийн хооронд” модерн бүжгийн жүжгийн Баавгайн дүр зэргээрээ үзэгч олноос өндөр үнэлгээ авсан юм. Мөн ҮУИТеатрт ажиллах хугацаандаа ардын бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэн 50 гаруй бүжгийн дүрийг амжилттай бүтээж, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертуудад оролцож байсан юм.

А.Батхүү Монгол ардын бүжгийн урлагийг өөрийн эх орондоо төдийгүй гадаадын олон оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа бүжигчин юм.

А.Батхүү мэргэжлийн өндөр түвшин, ур чадвар, уран бүтээлийн амжилт, авъяас билгээрээ шалгарч 2002 онд Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, 2003 онд “Тэргүүний залуу “, 2004 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар, 2006 онд “Гэгээн муза” шилдэг уран бүтээлчдийн шагналын “Шилдэг бүжиг дэглээч” шагналыг “Зун орсон цас” мюзиклээр, 2008 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2010 онд . Хүүхэд залуучуудын хөгжлийн “Шилдэг багш” –аар, мөн байгууллагын оны хөдөлмөрийн аваргаар тодрон шагнагдсан юм.

А.Батхүү нь 2003 онд тавигдсан анхны модерн бүжгэн жүжиг болох “Мэргэнд буусан чоно”-н Таху, 2007 онд тус чуулгын тайзнаа тавигдсан “Монгол нутаг мину шинэ уран бүтээлд Шилийн богдын салхи” нэртэй бүжгийн гоцлон, жинхэнэ монгол эрийн ид хавыг харуулан чадварлаг бүтээсэн юм. Мөн 2008 онд тайзнаа тавигдсан “Хөөмэйн түрлэгтэй эх орон уран бүтээлд, “Салхит шувуу”, “Боржигоны бор яргуй мину зээ” мөн “Нүүдэл бүжгийн жүжгийн Модун зэрэг дүрүүдийг бүтээж үзэгч олноос өндөр үнэлэлтийг авсан юм. 2011 онд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц. Сэвжидийн нэрэмжит “ Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдаан”-ы “Гоцлол бүжгийн” төрөлд “ДЭД” байранд, хоёрол төрөлд “ГРАН ПРИ” шагнал, цом, мөнгөн шагналаар шагнагдсан. Мөн тус оны 10 сарын 23-30 ны хооронд Франц улсын UNESCO-н их танхим болон, “НҮБ”- их танхимд тоглох тоглолтонд амжилттай орж үзэгч олноос өндөр үнэлгээ авсан.

2011 онд тавигдсан “ Нүүдэлчдын аялгуу” шинэ уран бүтээлд хойд зүг болох “Цаатны бүжиг”-ийн цөөхүүл хэсэгт оролцсон байна.

А.Батхүү нь мэргэжлийн урлагийн байгуулагад 12 дахь жилдээ үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллан, ардын бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэж, чуулгын тайзнаа болон гадаад дотоодын урлагийн томоохон арга хэмжээнүүд байнга гоцлоочоор оролцож буй чуулгын шилдэг уран бүтээлчийн нэг юм.

А.Батхүүгийн АНУ, “Нэгдсэн Үндэсний байгууллагын төв байр”, Парис хотын Юнескогийн ордонд зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн хүндэтгэлийн концертод Салхит шувуу“, Жороон жороо, “Бие чинь болъё зэрэг бүжгээр гоцлоочоор тус тус оролцож Монгол ардын урлагийг дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ“-иар шагнуулсан юм