Өлзий-Орших нь дуу хуурын өлгий гэж алдаршсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өвөр зүлэгт гэдэг газар төржээ.
Сайн дурын уран сайханчаас мэргэжлийн дууч болтлоо өссөн түүний уран бүтээлийн өсөлтөд Дундговь аймгийн соёлын ордон, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим болон ҮДБЭЧ –ын хамт олон багш нарынх нь халамж дэмжлэг ихээхэн нөлөөлжээ. Хоолойнхоо төрөлх өнгө аялгууг тогтоож, өөрийн гэсэн өвөрмөц намба аясаар ардын болон зохиолын дууг эвлэгхэн дуулах ур чадвар нь үзэгч сонсогч олны талархалыг хүлээх болсон нь байнга суралцаж байсан уйгагүй нөр хөдөлмөрийнх нь үр дүн юм. Түүний дууг концертонд олонтоо дахиулж, радио телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр үзэгч, сонсогч олон байнга захиалж байдаг нь түүний бага биш амжилтуудын нэг байсан юм.