Grand TheatreМэдээАзи тивээс анх удаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал Берлиний Филармонийн “А” танхимд

Ази тивээс анх удаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал Берлиний Филармонийн “А” танхимд

Монголын төрийн үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Герман улсад Монголын хөгжмийн урлагийн баялаг өв соёлоо бахархалтайгаар толилууллаа. Монголын Сайхан Орон тоглолт нь:

-Аравдугаар сарын 27-нд 20.00 цагт Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед Нюрнберг хотын Соёлын захирагч профессор Жулиа Ленерийн ивээл дор

-Аравдугаар сарын 29-нд 20.00 цагт Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр болох Берлиний филармонид ​​​​​​

-Аравдугаар сарын 31-нд 19.30 цагт Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тус тус тоглогдлоо.

Тоглолтын хөтөлбөх хоёр хэсэгтэй бөгөөд Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлийг танилцуулсан юм. Тодруулбал, Монгол Улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж, Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдог, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амар, М.Бирваа, Х.Алтангэрэл, Р.Бат-Эрдэнэ, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат нарын бүтээлийг эгшиглүүллээ.

Тоглолтын бүрэлдэхүүнд хоёр дуучин буй бөгөөд ҮУИТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар, гавьяат жүжигчин Д.Отгонжаргал нар юм.

Мөн Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Франкфуртын онгоцны буудалд Монголын сайхан орон тоглолтоо толилууллаа.

Ардын жүжигчин, Төрийн хан хуурч Ч.Батсайхан “2440 хүний суудалтай Берлиний Филармонийн “А” танхим нь дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн өндөр босготой, нэг номерын тайз бөгөөд Ази тивээс анх удаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал эгшиглэхээр болсон нь түүхэн ач холбогдолтой.  Түүнчлэн энэхүү театрын цахим хуудас 1.3 сая дагагчидтай. Дагагчид нь голдуу мэргэжлийн хөгжмийн салбарынхан болон сонгодог урлаг сонирхогч, өндөр соёл боловсролтой хүмүүс байдаг учраас Үндэсний хөгжмийн их найрал төдийгүй Монгол Улсын хувьд маш том сурталчилгаа болно”.

Leave a Reply