Grand TheatreМэдээБерлиний Филармонийн танхимд болсон Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрлын тоглолтын тухай шүүмж.

Берлиний Филармонийн танхимд болсон Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрлын тоглолтын тухай шүүмж.

📝 2024 оны 10-р сарын 31-нд Берлиний Филармонийн том танхимд болсон Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрлын тоглолтын тухай хөгжмийн шүүмжлэгч Фолкер Тарнов Berliner Morgenpost сонинд нийтэлсэн шүүмж.

🖋️ 1241 оны Монголын “Их шуургыг” бид үнэхээр санахгүй байгаа ч энэ мягмар гаригт Берлиний Филармонид мэдрэгдсэн шиг амар амгалан байгаагүй нь мэдээж. Берлинд хоёр мянган Монгол иргэн байдаг бөгөөд ирсэн монголчууд нь үндэснийхээ дээлээр гоёсон нь манай германы дриндл хэмээх үндэсний хувцаснаас илүү өнгө өнгөөр гэрэлтэн харагдаж хүн бүрийн атаархах сэтгэл төрүүлэхээр байв. Үндэсний оркестрын хөгжимчид нь эх орныхоо өнгөөр гоёж эхлээд оюу цэнхэр завсарлагааны дараа улаан, улбар шар өнгөөр гялалзаж байлаа. Удирдаач нь прүссийн (Preußen) өнгөөр дагнаж эхлээд цагаан, дараа нь хар өнгийн дээл өмссөн байв.

Энэхүү концерт нь онцгой үйл явдалд зориулсан бөгөөд энэ нь ХБНГУ, Монгол Улсын хооронд 50 жилийн турш тогтвортой хэрэгжүүлж ирсэн дипломат харилцааны ойг тохиолдуулан хийж буй баяр юм. Диктатуртай хоёр том их гүрний дунд шахагдсан Монгол улс нь Азийн ардчилсан гэрэлт цамхаг, эртний соёлт үндэстэн юм. Манай улсад тийм ч сайн нэр хүнд байхгүй Чингис хаан нь хүртэл соёл урлагийг ойлгож дэмждэг байжээ. Гэсэн хэдий ч тоглолтын эхний хэсгээс л Алтан ордны хүчирхэг удирдагч танхимыг өөрийн биеэр эзлэхийг хүссэн юм шиг жаахан эвгүй мэдрэмж төрж байв. Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн” хурдан морины хүчтэй хэмнэлээрээ зогсолтгүй эрч хүчийг авчирсан бол дараах баялаг өнгө аястай “Жаргалтайн дэлгэр” хэмээх уртын дууг зүгээр нэг амар амгалангаар хязгаарлахгүйгээр янз бүрээр тайлбарлаж болохоор сонсогдов. Тоглолтын эхний хэсэг хэдийгээр Хаврын улиралд зориулагдсан боловч хөгжим дахин дахин хүчтэй оргилж байлаа. Аз болоход хөтлөгч үзэгчдэд “Заримдаа Монголд дөрвөн улирлыг нэгхэн өдрийн дотор үзэх ч боломжтой” хэмээн эрс тэс уур амьсгалыг урьдчилан сануулсныг “Хаврын урь” хөгжмийн зохиол тэр дор нь нотолсон юм.

Эцсийн дүндээ энэ сонин содон тоглолт биднийг цочроохгүй харин бидний сонорыг мялааж өвөрмөц байдлаараа гайхшруулан сэтгэл татам байв. Найрал хөгжим Монголд хоёр мянга гаруй жил оршин тогтнож байна. Энэ нь Чингис хаан, Хубилай хааны үед онцгой оргил үедээ хүрч, Японы ордны хөгжимтэй дүйцэхүйц байв. 1962 онд байгуулагдсан Монголын Үндэсний оркестр нь гайхалтай нарийн ур чадвартай нь тод харагдаж байв. Морин хуур, ятга, эвэр бүрээ зэрэг ардын хөгжмүүдээр тоглож байлаа. Оркестрын өвөрмөц аялгуу нь эртний олон соёлд хэрэглэгддэг таван эгшгийн систем болох пентатоник хөгнөөс бүтжээ. Зарим хөгжмийн зохиол нь холливуд болон аяллын нэвтрүүлгийг санагдуулж байв. Бидний чихэнд эдгээр нь огт харийн мэт санагдахгүй байгаа нь барууны нөлөөнөөс үүдэлтэй. Тиймээс зарим хөгжмийн зохиолууд нь холливудын саундтрак шиг, тэр байтугай аяллын сурвалжит нэвтрүүлгийн үеэр ард нь явдаг шиг хэвшмэл хөгжмийг санагдуулж байлаа. Нөгөө талаар харин дуу бол дуураймал биш үнэхээр оригинал санагдсан. Даваасүрэнгийн Отгонжаргал дуугаа өндөрсгөхөд “Тал нутаг, говь цөлийн хүмүүс л эцэс төгсгөлгүй замыг ийм хүч чадалтайгаар даван туулж чадна даа” хэмээн төсөөлөн бодов. Алдарт дуучин бүсгүйн хоолой Улаанбаатар хүртэл сонсогдсон бол хэн ч гайхахааргүй байлаа…

Үндэсний оркестрын тоглолт нь үзэгчдээ дөрвөн улирал болон Монгол орны бүс нутгуудаар аялууллаа. Зарим үзэгчид Монголд заавал аялахаар шийджээ. Хэрэв та холын нислэгээс айж байгаа бол оронд нь Ч.Галсангийн зохиолуудыг шимтэн уншиж болно шүү.

Орчуулсан: Соёлын Элч Ц.Гэрлээ, ХБНГУлс

Leave a Reply