Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчдын туурвисан алдарт бүтээлүүдийг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид нэгтгэн “Морьтон Монголын аялгуу” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 20, 21-нд ҮДБЭЧ-ын тайзнаа тавигдах юм байна.
Хүндэтгэлийн тоглолт бүжгийн жүжгийн хөгжмүүд, дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн бүтээл, морьтон түмний минь хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас сэдэвлэсэн хөгжмийн бүтээлээс бүрдсэн гурван хэсэгтэй байх аж.
Түүнчлэн “Морьтон Монголын аялгуу” хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын “Нарны домог”, Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Мэргэнд буусан чоно”, Төрийн соёрхолт Ц.Нацагдоржийн “Нүүдэл” зэрэг олон дууны хөгжим эгшиглэхээр болжээ.
ҮДБЭЧ-ын Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар “Бид энэ тоглолтоор Монголын үндэсний урлаг хэчнээн гайхамшигтай болохыг харуулах болно. Манай улсын хөгжимчид дэлхийн үе үеийн шилдэг дуу, бүжгийн жүжгийн хөгжмүүдийг хэрхэн чадварлаг тоглохыг үзэгчид энэ хоёр үдэш сонсох боломжтой” гэсэн юм.