Нарны домог Монголын анхны ардын бүжгэн жүжиг 3 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амжилттай тоглогдлоо. Та бүхэндээ нэгэн үзэгчийн сэтгэгдэлийг хуваалцаж байна.
“Нарны домог” бол эв эеийн гүн ухаан хэмээн нэрт бүжиг дэглээч С.Сүхбаатар нэгэн цагт хэлсэн байх аж. Тэртээ 1988 онд анх тайзнаа амилж байсан “Нарны домог” хэмээх ардын бүжгэн жүжиг нь өнөөдрийг хүртэл 36 дах жилдээ үзэгч олны хүртээл болохдоо монгол түмний мэлмийг гийгүүлж, сонорыг мялаасан “сонгомол” бүтээлийн хэмжээнд хүрчээ.
Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий уг бүжгэн жүжгийн цомнолыг Бавуугийн Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Д.Лувсаншарав туурвисан бөгөөд бүжгийг С.Сүхбаатар дэглэн тавьжээ. Монголын шинэ цагийн урлагт нэр нь алдаршин мөнхөжсөн дээрх эрхмүүд болоод бусад уран бүтээлчдэд талархаад үл барна. Шинэ цагийн урлаг гэхийн учир болбоос бид ямар урлагтайгаар гээгдэж мартагдахын аман дээр байсныгаа санаад өнөөдөр өрнийн урлагийг “хүн төрөлхтний сонгодог” хэмээн дээдлэн өргөмжилсөөр чамгүй их амжилтад хүрснийг бодоход бахдам сайхан. Гэсэн хэдий боловч өөрийнхөө түүх, эзэнт гүрний ордонд байсан үндэсний их найрлаас хожим гэрийн таван хөгжимтэй үлдсэнээ бодохоор харамсах аж. Харин энэхүү “Нарны домог” хэмээх ардын бүжгэн жүжгийг үзсэний хойно сэтгэл догдолж, дотор маань наран гийх мэт сэтгэгдэл төрөх юм. Үнэхээр ардын бүжгэн жүжиг, ардын бүжгийн баяр гэхээс өөр үг үл олдоно. Утга санаа, агуулгыг үл хөндөн орхиход шинэ цагийн монгол бүжгийн бүхий л хөдөлгөөнийг бий биелгээтэйгээ хослуулан бүжих нь сэтгэл огшихгүй байхын арга үл олдоно.
Бүжгийн урлагийг хөгжим үгүйгээр төсөөлөх боломж үгүй юм. Монгол хүүхэд бүрийн дуулсаар хүн болсон “Маамуу нааш ир”-ийн Д.Лувсаншарав, Монголын дуурийн урлагт “Шивээ Хиагт” зэрэг 8 дуурийн ард гарсан нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав дээрх ардын бүжгэн жүжгийн хөгжмийг туурвисан байх юм. “Нарны омог” ардын бүжгэн жүжгийн гурван бүлэг, таван үзэгдэл тус бүрийн агуулгад нийцсэн хөгжмийн баялаг ая, аялгуу, хөгжмийн дуурьсал, хэм хэмнэл бүхэн нь Д.Лувсаншаравын онцгой авьяас, аялгууны их зохиолч гэдгийг тодорхойлох аж. Монголчуудын домог, үлгэрийн сэтгэлгээг хөгжмөөр илэрхийлнэ гэдэг нь юуны өмнө аялгууны онцгой мэдрэмж шаардаж байх бол дүрүүд болоод тайзны бүхий л агуулга, үйлдлийг хөгжмөөр, тэр дундаа бүжгийн хөгжмөөр дүрслэн гаргах нь аялгууны их зохиолч Д.Лувсаншаравын л хийх ажил байсан биз. Тэр хүний авьяас, бүтээлч хөдөлмөр, арвин их туршлагыг хэнтэй ч дүйцүүлэх билээ.
Энэ удаагийн “Нарны домог” ардын бүжгэн жүжгийн тоглолтод Үндэсний урлагийн их театрын 200 гаруй(ойролцоо магад тоо болно) уран бүтээлчид оролцож байгаа нь бахархалтай, талархалтай. Тэр тусмаа үндэсний найрал хөгжимчдийн тоглолт гайхамшигтай байсныг энд онцгойлон дурдмаар. Нэгэн цагийг эзэлсэн их удирдаач Н.Буянбаатарын гараас ийм л хөгжим гарна хэмээн бодохоос өөрийг үл олов. Гэрийн таван хөгжимтэй байсан тэр цагаас хойш түүх ихээхэн өөрчлөгдөж, түүхийг ихээхэн ч өөрчилж урагш түлхсэн мэт. Үндэсний найрал хөгжмийн дуугаралт, түүний зохирол, дуурьсал одоо л нэг өнгөө олсон мэт тааламжтай сонсогдож байлаа. Сайхан хөгжмийн тухай сайн үгийг хэлэхэд хөгжмийн эрхэм зохиолч Д.Лувсаншараваасаа гадна найрал хөгжмийн удирдаач онцгой чухал байх аж. Үндэснийхээ урлагийг энэ дайтай авч яваа түүний энэхүү гайхамшигтай хөг, эгшгийн эзэд нь хөгжимчид. ҮУИТеатрын хөгжимчдийн ур чадвар, сахилга бат, дэг журмыг тодорхойлох эцсийн үр дүн нь энэхүү “Нарны домог” ардын бүжгэн жүжгийн хөгжим, түүний дуурьсал. Найрал хөгжмийн тааламжтай, цэвэр өнгө дуурьсал нь шинэ цагийн үндэсний хөгжмийн зэмсэг, тэдгээрийн хийц, загвартай ч холбоотой биз хэмээгээд сайн бүтээлийн тухай сайхан сэтгэлийн үгэндээ харам хийж энд орхиё.
Хөгжим судлаач С.Энхбулаг.