ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН ТАЙЗНАА
“СҮНЖИДМАА” дуулалт жүжиг дахин амиллаа.
“Сүнжидмаа” дуулалт жүжгийг анх 1981 онд зохиолыг СГЗ, Ж.Бадраа бичиж, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, АЖ Д.Лувсаншарав зохиож, “Сүнжидмаа” дуут хөгжим бүжгийн цоморлиг нэртэйгээр тайзны бүтээл болгож байжээ. Тус дуулалт жүжгийн ерөнхий найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий удирдаачаар МУГЖ С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ А.Нэргүй, Мянганий дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааний дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш.Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Н.Норовбанзад, МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.
Үндэсний Урлагийн Их Театрын урын сангийн бодлогоор эрт үеэс уламжлагдан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд Ахмадын өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 04нд 19:00 цагаас 05, 06-ны өдрүүдэд 16:00 цагаас тоглох болно. Билетийн үнэ нь 0-3-р эгнээний суудлууд, 14-р эгнээнээс хойш 20000 төг, 4- эгнээнээс 14-р эгнээний суудлууд 25000 төг, бельтэаж 15000 төгрөгний үнэтэйгээр билетийн кассаар худалдаалагдаж байна.
Энэхүү дуулалт жүжиг нь ҮУИТ-ын урын санд буй анхны дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд монгол ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл юм. Одоогоос 30 гаруй жилийн өмнө энэхүү дуулалт жүжгийн найруулагчаар ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагч маань дахин шинэчлэн найруулж тайзнаа амилуулж байгаагаараа онцлогтой бөгөөд дүрүүдэд Сүнжидмаад- СТА, С.Цогтсайхан, СТА, Ц.Түмэнжаргал, Мянганд- СТА Б.Батмэнд, Г.Отгонзул, Наваанд- П.Баярмагнай, Э.Чинчулуун, Дэжидэд- Б.Батцэцэглэн, С.Жанегүль, Баднаанямбууд– СТА, Д.Оюунжаргал, нар тоглох юм.