Хагас зууны хугацаанд оршин буй чуулгын үндэсний хөгжмийн их найрал Монгол улсын Ерөнхийлөгчийн 2005 оны соёрхол дор “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” хэмээн нэрлэгдэх хүртлээ Хүннү, Сүннү, Эзэн богд Чингис, түүний үр хойчийн үе залгамжлалаар замнан, орчлонгийн ороо бусгаа бүхнийг даван туулсаар өнгөрсөн хорьдугаар зууны хоёр дугаар хагастай золгож, өрнө, дорнын шилдэг, шилмэл бүхнээс шимтэн, шинэ цагийн бүтэц бүрэлдэхүүнийг бий болгож чадлаа.
Үе үеийн авъяаслаг уран бүтээлчдийн бүтээн туурвисан найрал хөгжмийн хоёр зуу орчим гадаад, дотоодын хөгжмийн зохиолчдын бүтээл манай чуулгын урын санд баттай байр суурийг эзлэн түмэн олны хүртээл болсоор байна.
ҮДБЭЧ-ын Төрийн их найрал хөгжмийн хамт олон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдах “Талын соёлын наадам” ардын урлагийн тоглолтонд оролцоно.
Монгол төрийн их найрал хөгжмийн 120 хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолтын багт: ҮДБЭЧ-ын төрийн их найрлын 70 хөгжимчин болон Морин хуур чуулга 27, Хөгжим Бүжгийн Коллежын багш оюутнууд нийлсэн томоохон бүрэлдэхүүн энэ баасан гаригт Улаанбаатар хотоос хөдлөх гэж байна.
Тоглолт 07 сарын 01,02-ны өдрүүдэд Хөх хотын Улаан театрт болох бөгөөд төрийн их найрал хөгжим өөрсдийн шилмэл уран бүтээлүүдээсээ дээжлэн хүргэнэ.