Grand TheatreМэдээҮДБЭЧ ҮЗЭГЧДИЙН БАЯР ТАЛАРХЛЫГ ОРГИЛУУЛСААР ИРЛЭЭ…..

ҮДБЭЧ ҮЗЭГЧДИЙН БАЯР ТАЛАРХЛЫГ ОРГИЛУУЛСААР ИРЛЭЭ…..

ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫН 85 УРАН БҮТЭЭЛЧИД ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДААР АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙЖ, ҮЗЭГЧДИЙН БАЯР ТАЛАРХЛЫГ ОРГИЛУУЛСААР ИРЛЭЭ…..

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга нь Монгол улсын засгийн газар, Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, үндэсний урлагаа сурталчлан таниулах зорилгоор зүүн бүсийн нутгуудаар Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Өндөрхаан хот, Батноров сум, Бэрх тосгон, Дорнод аймгийн Чойбалсан хот, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотуудад “МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ” аялан тоглолтоо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аялан тоглолтонд Ардын жүжигчин Д.Самбуу, МУГЖ дуучин Ш.Даваахүү, МУГЖ дуучин Н.Амгалан, МУГЖ дуучин Б.Сийлэгмаа, МУГЖ бүжигчин А.Даваахүү, МУУГЗ, удирдаач А.Цэдэн-Иш зэрэг алдар цолтнууд болон Үндэсний хөгжмийн Их найралын 30 хөгжимчид, 30 бүжигчид, 10 гаруй дуучид, арын алба тайз гэрэл дуу шум, менежментийн баг зэрэг 85 уран бүтээлчид оролцлоо.

Орон нутгийн ЕБС, цэцэрлэгийн хүүхэд багачууддаа зориулан “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжиг, хөдөлмөрчид ард иргэддээ аймаг орон нутгийн онцлогт тохирсон урын сангийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн олон хөтөлбөртэй “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтуудаа өргөн барьж, олон мянган үзэгчдийн баяр талархал, нижигнэсэн халуун алга ташилтын дор үргэлжилсэн сайхан тоглолтууд болж өндөрлөлөө.

“Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг 25 удаа тоглож, “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг 13 удаа тоглож, нийтдээ 10 гаруй мянган үзэгчдэд тоглолтоо хүргэсэн байна. Үүний 8000 гаруй нь хүүхэд үзэгч байлаа.

Бидний аялан тоглолтонд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Д.Ганцэцэг даргатай Багануурын Соёлын Төв, Д.Авирмэд захиралтай Хан Хэнтий чуулга, Л.Буянхишиг захиралтай Батноров сумын соёлын төв, Г.Отгонсүрэн захиралтай Бэрхийн соёлын төв, Наранхүү захиралтай Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр, Шинэхүү захиралтай Жаахан шарга театрын хамт олондоо ҮДБЭЧ-ын нийт уран бүтээлчдийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье!

Мөн Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлж, найруулагч зураач, уран бүтээлчдийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг олон талт ажлуудыг хамтран зохион байгууллаа.

Манай чуулгын уран бүтээлчид сүүлийн 30 гаруй жил ийм олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ингэж аялан тоглолтоор яваагүй бөгөөд энэ жил Монгол орноо нар зөв тойрж, зүүн бүсийн аймгуудаас тоглолтоо эхэлсэн бөгөөд ирэх жил говийн аймгуудаар явж, говь нутгийн ард түмэндээ уран бүтээлээ хүргэх төлөвлөгөөтэй байна.

 

Leave a Reply