Grand TheatreМэдээҮндэсний хөгжмийн их найрал болон БНСУ-ын театрын хамтын ажиллагаа

Үндэсний хөгжмийн их найрал болон БНСУ-ын театрын хамтын ажиллагаа

 

Орчин цагийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй цуврал тоглолтууд ар араасаа хөвөрсөөр…

Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын тайзнаа Солонгосын үндэсний театрын ерөнхий удирдаач Вон Ил тэргүүтэй 12 уран бүтээлчид хүрэлцэн ирж, манай төрийн их найралтай хамтран ТАЛ НУТГИЙН АРИРАНГ тоглолтоо 8-р сарын 10-нд хийж, солонгос аялгууг тоглон үзэгчдийг шуугиулж байсан нь саяхан.

Энэ удаа БНСУ-ын Үндэсний театрын тайзнаа Солонгосын үндэсний хөгжмийн их найралтай хамтран Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 12 уран бүтээлчид 8-р сарын 31, 9-р сарын 1-нд ТАЛ НУТГИЙН ДУУ нэртэй тоглолтоо 2 удаа зохион байгуулж, Солонгос үзэгчдийн бахархлыг төрүүллээ. Тоглолт дуусахад суудлаасаа босохгүй дахин дахин алга ташин дахиулах тэдгээр үзэгчдийн баяр хөөр бахдал нь Монгол үндэсний хөгжмийн гайхамшигт аялгуу, манай хөгжимчид, удирдаачийн ур чадварыг илтгэн харуулж байлаа.

Энэхүү тоглолтод ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач, МУСТА Н.Буянбаатар, хөгжим ангийн дарга, лимбэч МУСТА Х.Энхбат, морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, хөгжмийн зохиолч, морин хуурч МУСТА М.Бирваа, морин хуурч МУСТА Б.Тогтохжаргал, их хуурч С.Амарсанаа, ятга МУСТА Т.Билэгдэмбэрэл, ёочин МУСТА Д.Лхагвасүрэн, шанз МУСТА Б.Алтанцэцэг, бишгүүр Б.Мөнх-Эрдэнэ, эвэр бүрээ О.Чинбат, хуучир МУСТА Ч.Отгонбаяр, бөмбөрч, ерөнхий зохицуулагч Б.Өлзийбуян, ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл, Маркетингийн албаны дарга Б.Нямсүрэн нар оролцлоо.

Энэ тоглолтод Б.Шарав “Сэрсэн тал”, М.Бирваа “Буйлган шарын явдал”, Н.Жанцанноров “Бурхан Халдун уул”, Ц.Сүхбаатар “Цэцэгт нуурын хөвөөнд”, Л.Мөрдорж “Алтан өргөө”, Б.Шарав “Сэтгэлийн эгшиг”, М.Бирваа “Төвөргөөн” зэрэг сайхан бүтээлүүдийг манай Үндэсний хөгжмийн их найрлын уран бүтээлчид, Солонгосын үндэсний их найрлын хөгжимчидтэй хамтран тоглож, ерөнхий удирдаач Н.Буянбаатар удирдлаа.

Солонгосын үндэсний театрт хоёр орны уран бүтээлчдийн сэтгэл зүрх, хөг аялгууг нэгтгэж чадсан Н.Буянбаатар удирдаачийн ур чадварыг бахдан биширсэн яриа, хоёр орны уран бүтээлчдийн нөхөрсөг яриа өрнөсөн, монголын үндэсний аялгуу эгшиглэсэн өдрүүд үргэлжлэлээ.

Манай уран бүтээлчид монголдоо биш гадаад орнуудад танигддаг, их алдартай шүү хэмээн хэлдэг хүмүүсийн үгийг батлах гэсэн шиг хэзээ ч монголд ирж үзээгүй солонгос үзэгч монголчуудын тоглолт үзэх гэж зорин ирээд Ардын жүжигчин Ч.Батсайхантай уулзуулж өгөхийг хүсэж, түүний тоглосон олон сайхан аялгууг монголчуудаас илүүтэй мэддэг, сонсдог, түүнийг хүндэлж явдаг тухайгаа ярьсан нь дэлхийд танигдаж яваа монгол урлаг, үндэсний аялгуу, алдар цуугаа түгээж яваа манай уран бүтээлчдийн нүүр царайг тодхон харуулж байлаа.

Leave a Reply