Grand TheatreМэдээҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН ТАЙЗНАА СҮНЖИДМАА ДУУЛАЛТ ЖҮЖИГ ТОГЛОГДОНО.

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН ТАЙЗНАА СҮНЖИДМАА ДУУЛАЛТ ЖҮЖИГ ТОГЛОГДОНО.

“Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн Мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, харваас угсаа гарвал сайтай, хэл үг хурц Наваан гэгч залуу байж ядан үлдэнэ. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн цааш өрнөх хэн бүхэнд сонин.

“Сүнжидмаа” дуулалт жүжгийг анх 1981 онд зохиолыг СГЗ. Ж.Бадраа, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар АЖ Д.Лувсаншарав зохиож, Сүнжидмаа дуут хөгжим бүжгийн цомориг нэртэйгээр тайзны бүтээл болгож байжээ.

Тус дуулалт жүжгийн ерөнхий найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий удирдаачаар МУГЖ.С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ.А.Нэргүй, Мянганы дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааний дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш. Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Н.Норовбанзад , МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.

Үндэсний урлагийн их театрын урын сангийн бодлогоор эрт үеэс уламжлагдан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд 2017 оны 03 сарын 22, 23-нд 19:00 цагаас 2-хон удаа тоглогдоно.

Энэхүү дуулалт жүжиг нь ҮУИТ-ын урын санд буй анхны дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд монгол ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл юм.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө энэхүү дуулалт жүжгийн найруулагчаар ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагчийн анхны тавилтаар сэргээж байгаа юм.

Мэдээлэл авах утас: 11-323954, 88023954, 88001047

Leave a Reply