НХАУ-ын дарга Си Зиньпиний
Монгол улсад хийсэн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө
Засах Орны Хөх хотод “Монгол–Хятадын хоёр дахь удаагийн экспо” 2017 оны 9
сарын 25-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Үндэсний Урлагийн Их Театрын 150 гаруй уран бүтээлчид тус экспо, үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож “Үндэсний урлагийн гайхамшиг” бие даасан тоглолтоо толилуулсан юм. Хөх хотын Улаан театрт 9-р сарын 26-ны 20 цагт хийсэн бүрэн хэмжээний тоглолтод МУАЖ.Д.Самбуу, МУГЖ.Н.Амгалан, МУГЖ.С.Цогтсайхан нарын алдар цолтнууд, МУСТА.Д. Амаржаргал, Ц.Түмэнжаргал, Д. Наранхүү зэрэг залуу дуучид, АЖ.ТШ. Зууны манлай бүжиг дэглээч Ц. Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга “Ёслол хүндэтгэлийн бүжиг” , “Монгол бүжгийн гайхамшиг” , “Хонхот Чичрэг” , “Шилийн богдын салхи” , “Салхит шувуун” бүжгүүд, Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдаач МУУГЗ.Н.Буянбаатарын удирдлаган дор оролцон тогложээ.
Тус экспоны үеэр зохион байгуулагдсан “Олон улсын бүжигчид, бүжиг дэглээчдийн уралдаан”-нд ҮУИТ-ын уран бүтээлчид оролцож ганзага дүүрэн эх орондоо ирлээ.
ҮУИТ-ын бүжиг дэглээч МУГЖ А.Даваахүү:
Үндэсний Урлагийн их театрын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид Хятадын олон улсын 2-р уралдаанд оролцож байгууллага, хамт олноороо шилдгээр шалгарч, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай эх орондоо ирлээ.
Ямар төрөлд шагналт байранд орсон бэ?
Хамтлаг бүжгийн төрөлд оролцсон “Шилийн богдын салхи”, “Хонхот чичрэгэ” хоёр үзүүлбэр маань алтан медаль авсан. Гоцлол бүжгийн төрөлд “Бүсгүй хүний заяа” мөнгөн цом хүртлээ. Мөн “Хурмастийн гуйлга”, “Аягат эмэгтэйчүүд” бүжгүүд хүрэл медаль хүртсэн.
Олон улсын бүжигчид, бүжиг дэглээчдийн уралдаан тэмцээний гол зорилго нь юу байв?
Энэхүү тэмцээн нь олон улсын өв соёл, уламжлал, үүх түүх, ардын бүжгээ сурталчлан таниулах , үндэстэн ястны өв соёлтой харилцан танилцах зорилготой болж өнгөрсөн.
Тус тэмцээнд нийт хэчнээн бүжигчин эх орноо төлөөлөн оролцсон бэ?
– Монгол Улсаа төлөөлөн ҮУИТ-ийн 30 бүжигчин оролцсон.
Манай улсын бүжигчдийн онцлог нь юу байсан бэ?
– Манай бүжигчдийн хувьд маш их сонгодог, мэргэжлийн түвшинд байснаараа онцлогтой байлаа. Бидний уран бүтээлийн ур дүй бүх зүйлийг ихэнх орнуудын төлөөлөл асууж лавлаж байсан нь ҮУИТ-ын хамт олны ур чадвар өндөр төвшинд байгаагийн илрэл болсон болов уу гэж бодож байна.
ҮУИТ-ын уран сайхны удирдагч: МУУГЗ А.Цэдэн-Иш:
Манай улсын хувьд БНХАУ-ын олон улсын тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд амжилтаа ахиулж чадсан уу?
– Манай театрын бүжигчид хоёр дахь удаагаа БНХАУ-ын ӨӨЗО-нд экспогийн хүрээнд зохион байгуулагддаг бүжгийн уралдаанд оролцоод ирлээ. Өмнө нь бид хоёр алтан медальтай ирсэн. Энэ удаа тус амжилтыг хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалиар ахиулж чадлаа. Энэ жилийн тэмцээний хувьд өрсөлдөөн ширүүсч, олон улс орон оролцсон. Бидний зүгээс бусдаас суралцах, бусдад зөвлөх гэсэн байдлаар оролцоод ирлээ. Мөн үүнээс гадна ҮУИТ-ын хамт олон экспоны хүрээнд бүрэн хэмжээний тоглолтыг хийлээ.
Бүжиг дэглээч О.Ууганбаяр:
Олон улсын бүжигчид, бүжиг дэглээчдийн тэмцээн уралдаанд амжилттай яваад ирлээ. Таны дэглэсэн бүжиг алт, мөнгөн цом хүртсэн байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Миний дэглэсэн “Хонхот чичрэгэ”, “Бүсгүйн заяа” хэмээх бүжиг алт, мөнгөн цом хүртсэнд маш их баяртай байна. Энэ тэмцээнд оролцож амжилт үзүүлж чадсан нийт хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Энэ амжилт бол уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг ахин хэлье.