ҮУИТеатрын АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын танилцуулга:
Их театрын бүжгийн чуулгын хамт олныг 1996 оны 11-р сарын 9-нд Монгол Улсын Гэгээрлийн сайдын 119 дүгээр тушаалаар Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит болгосон билээ. 2018 онд ҮУИТ-ын захирлын 39 тоот тушаалаар “Бүжгийн чуулга” болгохоор шийдвэрлэж батламжилсан юм. Их бүжиг дэглээчийн нэрэмжит бүжгийн чуулгын хамт олон ардын язгуур бий биелгээ нүүдэлчдийн зан заншил, аж ахуйгаас уламжлалтай тайзны бүжиг, тайзны бүжгээс дуулалт болон чуулбар бүжиг, мөн бүжгийн урлагийн дээд төрөл болох бэсрэг болон бүрэн хэмжээний бүжгэн жүжиг болтлоо хөгжиж ирсэн байна. Мөн ардын язгуураас бүрэн хэмжээний бүжгэн жүжиг болтлоо хөгжихийн зэрэгцээ дэлхий нийтийн бүжгийн урлагтай хөл нийлүүлэн орчин үеийн модерн балетыг бүтээж ирсэн нь үе үеийн чадварлаг бүжигчид, бүжиг дэглээчдийн ур чадвар, нөр их хүч хөдөлмөрийн үр шим юм. Бүжгийн чуулгын хамт олны шинэ үеийнхний дотроос АЖ.ТШ Ц.Сэвжид, ТС.УГЗ С.Сүхбаатар нарын халааг залгамжлах залуу бүжиг дэглээчид төрөн гарч байгаа нь бүжгийн урлагийн ундарга шавхагдашгүйг гэрчилнэ. Бүжиг дэглээч УГЗ Д.Баярбаатар, УГЖ А.Даваахүү, Х.Хашхүү нарын авьяаслаг бүжиг дэглээчид бүжгийн урлагийн олон төрөл зүйлээр бүтээлээ туурвиж, их театрын урын санг баяжуулсаар байна. Их театрын бүжигчид олон гайхамшигт бүжгүүдээрээ Дэлхийн Юнеско, Большой театр, Сувдан театр зэрэг олон орны тайзнаас монгол ардын бүжгийн гайхамшигаа гайхуулахаас гадна Олон улсын ардын урлагийн наадмууд, ДЗО их наадам болон Монгол туургатны бүжгийн наадмаас олон сайхан шагнал авж түмэн олны бахархал, бахдалыг төрүүлж, ардын бүжгийн өв уламжлалын өвөрмөц донж маягийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой үүргийг гүйцэтгэсээр ирсэн хамт олон юм.
Манай бүжгийн чуулгын хамт олноос АЖ.ТШ Ц.Сэвжид, Төрийн соёрхолт С.Сүхбаатар гээд 20 гаруй алдартнууд төрөн гарсан байдаг. Бүжгийн чуулгын урын санд үе үеийн бүжиг дэглээчдийн ур ухаан шингэсэн бүжгэн жүжиг, дуут буюу чуулбар бүжиг, тайзны бүжиг гээд 300 гаруй уран бүтээлийн сантай байна. Бүжгийн чуулга нь 50 гаруй уран бүтээлчидтэй ажиллаж байна.