Төрийн шагналт, СГЗ зохиолч Д.Төрбатын цомнол, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн бүтээл, бүжиг дэглэгч Д.Баярбаатарын дэглэлт “Нүүдэл” бүжгэн жүжгийн зураачаар Д.Ганболд, удирдаачаар Р.Ганбат ажилласан байна.“Нүүдэл” бүжгэн жүжиг зохиолч Д.Төрбат, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж нарын хамтран бүтээсэн олон дуурь, бүжгийн жүжгийн нэг бөгөөд ардын уран бүтээлийн байгууллагад тавигдаж байгаа анхных нь бүтээл юм. Зохиогчид бүжгэн жүжгээ 5 үзэгдэлтэйгээр бүтээж, үзэгдэл бүр нь нүүдэллэн буй үйл явдлын холбоосоор түүх нийгмийн тодорхой үе шатыг харуулдаг.
1-р үзэгдэлд галыг тэтгэн бадраагч овгийн байгуулал Гоо марал, 2-р үзэгдэлд Төрт улс болох Хүннү гүрний хаан Модун Шанью, 3-р үзэгдэлд Их Монгол улс Эзэн Чингис, 4-р үзэгдэлд Алтан соёмбын туурвил Занабазар, 5-р үзэгдэлд Тусгаар тогтнол түүний шүншиг болох Алтан соёмбоо шүтэн дээдэлж байх үзэл санаанд уриалан дуудсан агуулгыг шингээн бүтээжээ.
“Нүүдэл” бүжгэн жүжгийн үзэгдэл бүр өөр өөрийн дүрийн онцлогтой. Иймээс Модун Шаньюд бүжигчин У.Өнөрбаяр, Хатны дүрд Т.Цацрал, Чингис хааны дүрд О.Тулга, Өэлүн эхийн дүрд Б.Батчимэг, Э.Номин, Өндөр гэгээн Занабазарын дүрд А.Даваахүү, Гурван бугад М.Бямбаа, И.Цацралсүрэн, Л.Энхболор нар амжилттай тоглосон билээ.