“Өнчин цагаан ботго”, “Тэмээ”, болон “12 жил”- ийн тухай Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэсэн дуулалт бүжгэн жүжиг юм. Өнчин цагаан ботгыг өөр өөр ботготой ингэнд авхуулснаар ихэр хоёр ботго хамт өсөж, бүжиглэн наадаж дуулж хөгжиж байгаагаар жүжиг эхлэх бөгөөд ээжийгээ хааяа уулын орой харан уйтгарлан гуниглахыг харсан хоёр ботго, эхийгээ баярлуулахаар аян замд гарснаар жүжгийн үйл явдал өрнөнө. Хоёр ботго зам зуураа олон амьтантай тааралдан хөгжилтэй адал явдлуудтай учран явсаар Лусын хаанд бараалхах бөгөөд эцэст нь хэдийгээр ээжийнхээ даалгаврыг биелүүлж 12 жилийн тоонд багтаагүй ч гэсэн “Элсэн говийн эзэн” хэмээх хүндлэгдэн дээдлэгдэж байгаа зэрэг хүүхэд багачуудын сонирхлыг татсан олон үйл явдлаар дүүрэн түүх хөвөрнө. Монгол ардын үлгэр домог “Өнчин цагаан ботго” хэмээх уртын дуу, ингэнд ботго авхуулах эртний монгол уламжлалыг харуулснаараа байгаль дэлхий,ан амьтнаа хайрлах ухааныг бага балчраас нь оюун санаанд нь суулгадаг байсан арга ухааныг сэргээх өргөн агуулгатай юм. Зохиолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Батаа, хөгжмийн зохиолч М.Бирваа, ерөнхий найруулагч Д.Ганболд, бүжиг дэглэгч О.Ууганбаяр, Х.Хашхүү, хувцасны зураач Д.Амаржаргал, тайзны зураач Ч.Батболд, хормейстр Б.Бямбачулуун, удирдаач Б.Ганбат, туслах найруулагч Х.Отгончимэг, Х.Хашхүү нар бүтээжээ. “Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийн гол дүр Өнчин цагаан ботгонд бүжигчин М.Болорчимэг, найз ботгонд гоцлон бүжигчин П.Мөнхцацрал, ээж ингэд гоцлол бүжигчин Ж.Мандухай, ботгочин охинд М.Мишээл, Лусын хаанд Д.Эрхбилгүүн нар тоглосон.