Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дууны алба:
Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын дууны албаны түүхийг сөхвөл тэртээх 1945 он буюу Эстрад-концертын товчооны 5-н дуучнаас (Д.Хасбат, Б.Батжаргал, Г.Должин, Б.Базар, уртын дууч Б.Бүдээхүү ) улбаатай билээ.1950 онд ”Дуу танцны Улсын ансамбль” болон өөрчлөгдөхөд найрал дууны анги нь 19 хүний бүрэлдэхүүнтэй болж дуу анги гэдэг утгаараа ажиллаж эхэлсэн бөгөөд багшаар нь Ж.Дорждагва (УГЖ ) ,Т.Чимэддорж (УГЗ), Д.Мяасүрэн (АЖ) нар томилогдон ажиллаж байжээ. Улмаар 1955 онд Дэлхийн Залуучууд Оюутны их наадамд дөчөөд хүний бүрэлдэхүүнтэй холимог дан найрал дуучид оролцон Т.Чимэддоржийн удирдлагаар ”Алтайн магтаал”- ыг дуулж, хөөмэйч Г.Чимэддорж гоцлон “Мөнгөн медаль”, 1957 онд Москва хотноо ДЗО-ны VI их наадмаас Н.Норовбанзад уртын дуугаар тэргүүн байр эзэлж “Алтан медаль” хүртэж олон орны үзэгчид, шүүгчдийг гайхшруулан дуучдын нэр алдар, амжилтын буухиаг амжилттай эхлүүлжээ. Дууны албанаас хамгийн олон алдар гавьяатнууд төрөн гарсан байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэг, Ардын жүжигчин дөрөв \тав\, Гавьяат жүжигчин хорь гаруй төрж төрийн одон медаль, мөн ”Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан дуучид хэдэн арваараа тоологдоно. Энэ нь театрын дууны албаны үе үеийн хормейстр багш нартай маань салшгүй холбоотой юм. Дууны албаны үе үеийн авьяаслаг, чадварлаг,мэргэжлийн дуучид маань Монгол үндэстнийхээ соёлын биет бус өв болсон уртын дуу,ардын богино дуу, хөөмэй, ерөөл магтаалаа өвлөн авч, судлан сурвалжлан, түгээн дэлгэрүүлж, хадгалж хамгаалан, мэргэжлийн түвшинд өвлүүлэн хөгжүүлж, уламжлалт болон орчин үеийн олон арван шилдэг уран бүтээл туурвиж,олон алдартай уран бүтээлчдийг төрүүлж, манлайлан, эдүгээ ч театрынхаа нүүр царай болон алдар цуугаа дуурсгасаар байна.