Grand TheatreАлдартнуудШ.Даваахүү /УГЖ/

Ш.Даваахүү /УГЖ/

Шагдар овогтой Даваахүү нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн.

1960-1969 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод 1-р арван жилийн сургууль

1969-1973 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийн соёлын ангийг Соёл гэгээрлийн ажилтан мэргэжлээр төгссөн

1973-1991 он хүртэл Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт гоцлол дуучин, жүжигчин

1991 оноос Соёлын яамны томилолтоор тухайн үеийн УАДБЧ /Үндэсний Урлагийн Их театр∕-д гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн юм.

Ш. Даваахүү нь ардын бэсрэг уртын дуу, ардын богино дуу, дуурийн, драмын хөгжимт жүжгийн, бүжгэн жүжгийн, шог хошин дууны зэрэг олон төрлийн 600 гаруй бүтээлийг дуулсан бөгөөд өөрийн шавь нартаа зааж сургасан юм. Тухайлбал “Сүнжидмаа”, “Нарны домог”, “Бөртэ чоно”, “Бөхийн дуулал”, “Сурын дуулал” “Учиртай гурван толгой”, “Мэргэнд буусан чоно”  зэрэг дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн  болон “Монгол түмний дуу-1, 2”, “Ая эгшгийн зээ нийлэх найр” концертын бүтээлийн “Дарьганга”, “Цахар”, “Үзэмчин дуу”, “Ширээ нуур”, “Дамбийжаа”, “Боорчийн эх”, “Дөрвөн уул”, “Цагаан сар”, “Санхью гөлөм”, “Цэвэр охин”, “Юндэн гөөгөө”, “Хандармаа”, “Сэр сэр салхи”, “Сандуйтай мод”, “Жийжүү хот”, “Цоохор морь”, “Гунан хар”, “Ботго”, “Дүүриймаа”, “Эрүү цагаан болжмор”, “Шансад лам”, “Дэлхий нар”, “Гандий мод”, “Замбага ягаан цэцэг”, “Талд унасан шавар”, “Цэнхэрлэн харагдах” зэрэг дуунуудыг дуулсан юм. Түүний “Дөрвөн уул”, “Янлин хуар”, “Санхью гөлөм”, “Сандуйтай мод”, “Жаран цагаан адуу”, “Юндэн гөөгөө”, “Соёл Эрдэнэ”, “Монгол транс”, “Цэвэр охин” зэрэг 20 гаруй ардын дуу нь радио телевизийн Алтан санд орж өөрийн хоолойн өнгө төрхийг түмний чихнээ сонсгож байлаа. Тэрээр Япон, БНАСАУ, БНХАУ, БНЭУ, Бангладеш, Франц, ОХУ, Украйн, Буриад зэрэг улсуудад айлчлан, урлагийн тоглолтод оролцож байсан юм.

Ш.Даваахүү Монгол ардын богино дууг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулахад анхаарч Монголын ардын богино дууны Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж “Монголын үндэстэн ястны ардын богино дууны холбоо”-ны тэргүүнээр ажиллаж байлаа. Тэрээр ТББ-ыг удирдахын сацуу 2013 онд “Монголын үндэстэн ястны 1008 дуу”-ны түүвэр номыг эмхэтгэн гаргасан юм.

Ш. Даваахүү нь 1999 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдав.