Лувсангомбо овогтой Идэрбат нь 1946 онд Төв аймгийн Лүн суманд төрсөн.
1954-1958 онд Төв аймгийн Лүн суманд суралцаж 4-р ангийг төгссөн.
1961-1962 онд Худалдааны соёлын ордонд хөгжимчин
1962 оноос тухайн үеийн УАДБЧ /Үндэсний Урлагийн Их театр/-д хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм.
Ажиллахын зэрэгцээ 1964-1968 онд ХБДС-н суралцаж 7-р анги төгссөн.
Л. Идэрбат нь бүжгийн хөгжим, гоцлол дуучдын дуулсан дуунуудыг тоглохын сацуу “Хөдөлмөрийн дуунуудын цомог”, “Хурдан борлог”, “Алтан тал” зэрэг морин хуурын гоцлол тоглож байсан бөгөөд “Эмнэг сургагч”, “Цоглог залуус”, “Эрийн гурван наадам”, “Баяд захчин бүжиг”, “Торгууд биелгээ”, “Хэнгэрэгтэй бүжиг”, “Ботгон тэшээ”, “Замд” зэрэг 20 гаруй бүжгийн хөгжмүүд, “Морин төвөргөөн”, “Энхийн эгшиг”, “Хөгжлийн хурдаар”, “Миний морин хуур”, “Эх орны өглөө”, “Ардын аялгуу”, “Шударгын эгшиг”, “Ширээ нуур” зэрэг 40 гаруй морин хуур, эвэр бүрээ, шанзны гоцлолуудыг зохиож хөгжмийн чадварлаг зохиолч болохоо харуулж чадсан бөгөөд эдгээр бүтээл нь чуулгын урын санг баяжуулж өгсөн юм. Тэрээр ЗХУ, Солонгос, Герман, Унгар, Хятад, Вьетнам, Болгар, Унгар, Лаос, Итали, Франц, Англи, Америк, Япон зэрэг Дэлхийн 30 гаруй улс оронд айлчлан, урлагийн тоглолтод оролцож байсан юм.
Л.Идэрбат нь авьяасаа байнга тэтгэж, мэргэжлийн зэргээ тогтмол ахиулан дагалдан хөгжимчнөөс гоцлол хөгжимчин, гавьяат цолонд хүрч чадсан шилдэг хөгжимчин, хөгжмийн зохиолчийн зэрэгцээ морин хуур хөгжмийг түгээн сурталчлах, сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт биечлэн оролцож авьяаслаг хөгжимчдийг төрүүлэн гаргахаар багшийн ажилд шамдан байна.
Л. Идэрбат нь 1996 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан юм.