Сэвжид овогтой Сүхбаатар нь 1951 онд Улаанбаатар хотод төрсөн.
1971 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийг бүжигчний мэргэжлээр төгсөөд тухайн үеийн УАДБЧ /ҮУИТ/-д бүжигчнээр томилогдон 1976 он хүртэл ажиллаж байгаад ЗХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд суралцаж бүжиг дэглээч, найруулагчийн мэргэжил эзэмшсэн юм.
С. Сүхбаатар нь “Молдав”, “Барга”, “Дархад”, “Жалам хар”, “Үеийн нөхөд”, “Гурван найз”, “Адуучин”, “Монгол бүжгийн чуулга”, “Цагаан өвгөн”, “Казак”, “Адуучин (наадам)”, “Чацуутан”, “Чичиргэнэ”, “Адуучин залуус” зэрэг 40 гаруй бүжгийг гоцлон бүжиглэж байсан бөгөөд “Шигшрэгт”, “Цэцгийн мишээл”, “Нэг бригадынхан”, “Хадланчид”, “Чацуутан”, “Чичиргэнэ”, “Зүүд”, “Цоглог залуус”, “Илгээлтийн эзэд”, “Бүтээн босголт”, “Тоохуу госон”, “Орчин үеийн бүжиг”, “Ажилчин”, “Уралдаан”, “Урианхай биелгээ”, “Хөдөөгийн залуус”, “Монгол бүсгүй” зэрэг 130 гаруй бүжгийг дэглэж, Монголын анхны ардын бүжгэн жүжиг “Нарны домог”-ийг бүтээн улмаар “Монгол бөхийн дуулал”, “Алтан ураг”, “Сур харвааны дуулал” зэрэг бүжгэн жүжгийг дэглэн найруулжээ. “Уяхан замбуу тивийн наран”, “Урлахуйн ундарга”, “Хүндэтгэлийн дуун”, “Цэцэгт хорвоогийн уянга”, “Хан Хэнтийн дуу”, “Монгол түмний дуу-2”, “Учрах тавилан”, Наран тамгатай талын Монгол” зэрэг олон арван концертын бүтээл найруулж, “Торой бандийн дууль”, “Учиртай гурван толгой” зэрэг дуулалт жүжиг, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн олон бүжиг зэрэг жүжиг концертын бүтээлийг дэглэж, найруулсан юм. Тэрээр ЗХУ, БНСЧСУ, БНАГУ, БНУАУ, БНСРУ, БНБАУ, ХБНСЮ, Герман, Польш, Унгар, Итали, Франц зэрэг улсад урлагийн тоглолтод оролцож байсан юм. С.Сүхбаатар УАДБЧ, ҮДБЭЧ-ын бүжигчин, бүжгийн багш, ерөнхий бүжиг дэглэгч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, дарга зэрэг олон шатны албыг хашиж байсан урлахуй болоод удирдахуйн асар их туршлагатай авьяастан юм. 2011 оноос Улсын Филармонийн найруулагчаар ажиллаж байна.
Гавьяа шагнал:
- 1993 онд Төрийн шагналаар
- 2008 онд Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
- 2021 онд Хөдөлмөрийн Баатар
- Хүндэт профессор