Цэрэндулам овогтой Сэвжид нь 1916 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн.
- 1936-1939 онд Дорноговь аймгийн клубт жүжигчин
- 1939-1946 онд цэргийн театр, ансамблийн бүжигчин
- 1946-1959 онд Улсын төв театрт, Ховд, Баян-Өлгий аймгийн театрт бүжигчин, бүжгийн багш
- 1959 оноос ҮУИТ-т /тухайн үеийн УАДБЧ/ бүжиг дэглэгчээр томилогдон ажиллах болсон юм.
Ц. Сэвжид нь үндэсний бүжгийн урлагийг хөгжүүлэхэд 50 шахам жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсан юм. Тэрээр “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг 10 гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг, “Хатад”, “Ээрүүлт”, “Саальчин”, “Жалам хар”, “Жимсчин”, “Адуучин”, “Дашмагт”, “Баруун Монгол”, “Халх бүжиг”, “Гурван хүүхний биелгээ”, “Хөдөө нутгийн залуус”, “Гөөлөө”, “Агсал-цацал”, “Монгол бүжгийн чуулга”, “Аягат”, “Сэргэлэн биелгээ” зэрэг 200 гаруй бүжиг дэглэсэн юм. Түүний “Адуучин” бүжиг Берлиний ДЗО-ны наадмын “Алтан медаль”, “Гурван хүүхний биелгээ” нь Софи хотод зохиогдсон ДЗО-ны их наадмаас “Мөнгөн медаль” хүртжээ. Тэрээр “Ардын элч”, “Хүний мөр” зэрэг олон киноны туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн юм. 1996 онд УАДБЧ-ын бүжиг ангийг Ц.Сэвжидийн нэрэмжит болгосон бөгөөд 2008 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Дорноговь аймгийн Хүүхдийн ордныг түүний нэрэмжит болгосон байна.
Гавьяа шагнал:
- 1961 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор,
- 1975 онд Төрийн шагналаар,
- 1980 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан бөгөөд “Зууны манлай бүжиг дэглэгчээр өргөмжлөгдсөн юм.