Их Монгол улс байгуулагдаж Эзэн Чингис хаан өргөмжлөгдсөн 1206 оноос эхлэн их хааны өв залгамжлагч Өгэдэй, Гүюг, Мөнх, ялангуяа Хубилай хааны Их Юан улс, цаашлаад 1635 оны үе хүртэлх цаг хугацааны турш Төрийн их ёслол хүндэтгэлийн арга хэмжээг дуу, хөгжим, бүжиггүйгээр төсөөлөхийн араггүй байсныг Монголын нууц товчоо, Юан улсын судар, “Алтан товч”, “Болор эрх”, “Хөх судар” зэрэг цаг цагийн сурвалж бичиг, ном товхимол, үнэ цэнэтэй баримт сэлтэд бичиж үлдээсэн байдаг. Мөн алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, Вильям Рубрук нар аяллын тэмдэглэлдээ онцгойлон бичсэн байдаг юм. XVIII-XX зууны хоёр дахь хагасыг хүртэлх он цагийн нугачаанд Монголын олон аймаг, хошуу, сүм хийдийн ихэс дээдэс дэргэдээ чуулга, хөгжмийн хамтлаг, дуу, бүжгийн чуулбартай байсан төдийгүй Нийслэл хүрээнд олон үндэстэн ястны соёл урлагийн клуб, төвүүд багагүй бий болж, өөр өөрсдийн өвөрмөц донж маягтай урлагийн төрөл зүйлүүд хөгжиж байжээ.
Бүгд найрамдах монгол ард улсын сайд нарын зөвлөл ба монгол ардын хувьсгалт намын төв хорооны 1945 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн хамтарсан 23∕20 дугаар хурлын тогтоол Улсын Эстрад-концертын товчоо анх 1945 оны 5-р сарын 15-ны өдөр, Хүн эмнэлгийн техникумын Улаан буланд байрлан зохион байгуулагдаж, дарга Г.Дашдондов, уран сайхны удирдагч З.Цэндээхүү, найруулагч Х.Пэрэнлэй, нягтлан бодогч Баатар нарын удирдах бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхэлсэн хийгээд комендант, жолооч, цэвэрлэгчээр 3 хүнийг авч ажиллуулсан байна. Эстрад концертын товчоо нь анх байгуулагдахдаа хөгжимчин 6, дуучин 5, танцчин 6, циркчин 1, жонглёрчин 1, уран уншигч 1 бүгд 20 уран бүтээлчийн орон тоотойгоор ажиллаж эхэлжээ.
1950 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 4 тоот тушаалаараа эстрад ангийн бааз сууринд түшиглэсэн “Ардын дуу, танц, үндэсний хөгжмийн ансамбль”-ыг байгуулж туршилтын журмаар хэсэг хугацаагаар ажиллуулжээ. 12-р сарын 01-ний өдөр “Ардын дуу танцын Улсын ансамбль” байгуулах тухай тогтоол гарч тухайн өдрөөс манай их театр үүсгэн байгуулагдсан түүхэн цаг хугацаа гэж тооцох болов.
Монголын Залуучуудын Ордон шинээр ашиглалтад орж байгаатай холбогдуулан МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 78-р тогтоол гарч Ардын дуу, бүжгийн улсын ансамблийг Монголын Залуучуудын Ордны байранд шилжүүлэх болжээ. 1960 оны 10-р сарын 22-нд Монголын Залуучуудын ордон бүрэн хэмжээгээр нээгдэхээс өмнөх ашиглалтын захиргааны шатанд Улсын ардын дуу бүжгийн ансамбль шинэ байранд орсон явдал түүхэн тэмдэглэлт үйл явдал болов. Анх 1955 оны сүүлчээр Төв аймгийн Эрдэнэ сант сумын малчин залуучууд, Монгол улсын Их сургуулийн багш, оюутан нар сайн дурын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулан Залуучуудын ордон барих эх оронч санаачилга гаргасныг МАХН-ын Төв хороо дэмжин манай орны нийт залуучуудыг хамарсан хөдөлгөөн болон өрнөж 8 сая төгрөг хуримтлагдаж Монголын Залуучуудын ордныг барьжээ. 1960 оны 1-р сарын 18-ны өдөр Урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга Болодын 2 тоот тушаалаар Алтангэрэлийг Ардын дуу бүжгийн чуулгын орлогч даргаар томилон, орлогч даргаар ажиллаж байсан Дагданг Урчуудын эвлэлийн хороонд шилжүүлж байлаа.
Жараад оны эхээр ардын хөгжмийн бүрэлдэхүүнийг төрийн их найрал хөгжмийн хэмжээнд хүртэл өргөтгөх санаачлагыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай дэвшүүлэн тавьж, хөгжмийн зэмсгийн шинэчлэлийг хийх, түүхэн уламжлалт хөгжмийн зэмсгийг судалж сурвалжлах, хөгжмийн хийц хэлбэр, хөг дуугаралтын баяжилтыг турших зэрэг нөр их ажлыг өрнүүлж хөгжим анги буюу өнөөгийн хөгжмийн албыг бий болгож улмаар 1962 онд “Үндэсний найрал хөгжмийн үдэшлэг” нэртэй анхны бүрэн хэмжээний тоглолт тавьж байжээ. Өдгөө уран бүтээлчдийн мэргэжил, ур чадвар улам сайжирсаар 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” болж үйл ажиллагааны чиглэл нь өргөжин тэлсээр байна.
1980 онд чуулга “Хөдөлмөрийн жавхаа” шинэ концерт бүтээн, “Сүнжидмаа” дуулалт жүжиг тавьсан бөгөөд хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, зохиолч Ж.Бадраа, найруулагч Ё.Цэрэндолгор, зураач Ц.Доржпалам, бүжиг дэглээч С.Сүхбаатар нар ажиллаж байжээ. “Сүнжидмаа” бүтээлийг 1980 оны 12-р сарын 3-ны өдрийн УАДБЧ-ын уран сайхны зөвлөлийн 4 тоот тогтоолд “Чуулгын 1980 оны 2 дахь уран бүтээл Д.Лувсаншаравын хөгжим, Ж.Бадраагийн цомнол монгол ардын домогт дуу Сүнжидмаагаар сэдэвлэн зохиосон “Сүнжидмаа” дуулалт жүжиг бүтсэн байна.“Сүнжидмаа” дуулалт жүжиг анхлан тоглосон цагаасаа хойш хэд хэдэн удаа сэргээгдэн тайзнаа бүтээгдэж, хамгийн сүүлд 2013 онд найруулагч Ё.Цэрэндолгорыг урин өнөө цагийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд уг дуулалт жүжгийг найруулан тавиулсан билээ. Анх энэхүү жүжгийн Сүнжидмаагийн дүрд дуучин В.Отгон, Д.Ариунаа нар, Мянганы дүрд УГЖ Д.Банзрагч, дуучин Г.Борхүү нар, Дэжидэд Энхтүвшин, Ш.Намсрайжав, УГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо нар, уртын дуучин АЖ.Н.Норовбанзад, УГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.
Монголын эв нэгдэл, Дэлхийн эв нэгдэл, байгаль эх дэлхийгээ хайрлах ухааныг харуулахыг зорьсон Монголын анхны Ардын бүжгэн жүжиг юм “Нарны домог”-оор Монголчуудын үндэс угсааныхаа бахархам түүх, үнэн дүр төрхийг Монголдоо ч, дэлхийн үзэгчдэд ч бүжгийн хэлээр харуулсан бүтээл болно. Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайсанаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулдаг билээ. Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Д.Лувсаншаравын хөгжим, Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын дэглэсэн энэхүү бүжгийн жүжигт Монгол улсын ҮДБЭЧуулгын АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид
2002 он Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга Монгол улсын Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 166 дугаар тогтоолоор тус чуулгыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэж нэрлэх болов. 2000 онд Чуулгын дарга С.Сүхбаатар 2000 оны 10-р сарын 31-нд “Эрдмийн цол хүсэх тухай” 45 тоот албан бичгийг холбогдох байгууллагуудад хандаж албан хүсэлтийг илгээж байжээ. Улмаар хоёр жилийн дараа буюу 2002 онд бусад байгууллагын хамтаар нэр өөрчлөн, чуулгад “эрдмийн цол”-ыг хамтатган олгожээ.
“Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” байгуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлсүгэй” хэмээн зарлиг гарлаа. 2006 онд уг зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор засгийн газрын тогтоолд 1.Үндэсний их баяр наадам болон бусад нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн ёслолын үеэр эгшиглүүлэх “Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их найрал”-ыг 120 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсугай. 2.“Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал”-ыг байгуулах ажлыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх замаар тусгай хөтөлбөрийн үндсэн дээр зохион байгуулж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай. гэж заажээ.
Үндэсний урлагийн их театр “Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдэд зориулсан анхны дуулалт бүжгийн жүжгээ 2010 оны 3-р сарын 14-нд үзэгчдэд толилуулав.
Монголын үндэсний урлагийн их театрын нэн тэргүүний зорилт бол олон улсад танигдах брэнд бүтээгдэхүүний нэр төрөлтэй байх явдал учраас юуны түрүүнд байгууллагын статусыг Дэлхий нийтийн жишигт хүргэх асуудал байсан. “Их театр” гэж нэрлэгдэх нь манай байгууллагын хувьд өнөөгийн хөгжиж буй ертөнцөд ижил төрлийн байгууллагуудтайгаа адил түвшинд нэг хэлээр ярьж байгаатай агаар нэг хэрэг болох учир нэршлээ өөрчлөх явдал чухлаар тавигдаж байлаа.