“Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг
Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хууль, БСШУЯ-ны хүүхдийн уран бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх бодлогын хүрээнд туурвих энэхүү хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг нь нүүдэлчин монголчуудын зуун зуунаар өртөөлөн авч ирсэн өөрсдийн ахуй амьдрал, ёс заншилдаа нийцүүлэн хүүхдийг өв тэгш хүмүүжүүлж амьдрал ахуйгаа сахиж, ёс заншлаа дээдэлж, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд нь яв цав суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд бага ч болов нэмэр болох өргөн их ач холбогдолтой билээ.
Мөн 60 жилийн яруу алдарт түүхтэй монгол үндэстний ардын урлаг соёлын өвийг тайзны урлаг хэлбэрээр уламжлал шинэчлэлийг хослуулан хөгжүүлж буй мэргэжлийн урлагийн байгууллагын хамгийн том төвийн хувьд ҮУИТеатр /тухайн үеийн ҮДБЭЧ/ нь урын санд өнөөг хүртэл хүүхдэд зориулсан бие даасан цогц уран бүтээл байгаагүй бөгөөд энэхүү хоосон орон зайг дүүргэх, ирэх 2010 онд тэмдэглэн өнгөрүүлэх түүхт 60 жилийн ойн арга хэмжээндээ зориулан бэлэг болгон барих зорилготойгоор энэхүү хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг туурвисан билээ.
Энэхүү уран бүтээлийн нэг онцлог, зорилго бол зөвхөн ҮУИТ-ын тайзан дээр тоглохоос гадна авсаархан тайз, аппаратур, техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бусад том жижиг тайз ба ЕБСургууль, цэцэрлэгүүд, хөдөө орон нутгийн театр соёлын төвүүдэд нүүдэллэн тоглох явдал юм.
Эцэст нь дүгнэхэд “Ишиг гэдэг хөөрхөн нэр” хэмээх дуулалт бүжгэн жүжиг тоглогдсоноор цаашид ҮУИТ-ын урын сан хүүхдийн уран бүтээлээр өргөжин тэлэх эхлэл болж, хүүхэд багачууд маань элдэв алаан хядаан, хүчирхийлэл сурталчилсан өрнийн урлагаас илүү өөрсдийн эцэг өвгөдийн ёс уламжлал, ахуй соёлоо дээдэлсэн үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдэрч түүнд татагдан, монгол үндэстнийхээ урлаг соёлыг дээдлэн дэмжигч ҮУИТ-ын ирээдүйн үзэгч түмэн бэлтгэгдэх явдал нь бидний чинхүү зорилго билээ.
Уран бүтээлчид:
-Хөгжмийг – ТС УГЗ Г. Бирваа , ТС Б.Мөнхболд
-Цомнолыг – Зохиолч Х.Батаа
-Шүлгийг – МЗЭ шагналт А.Шартолгой
-Найруулагч – СТА Д.Ганболд
-Бүжиг дэглээч – МУГЖ Ш.Одонтуяа, СТА Д.Баярбаатар, СТА А.Даваахүү, СТА О.Ууганбаяр, СТА Ц.Энхтүвшин
-Удирдаач – СТА Н.Буянбаатар
-Зураач – СТА Д.Ганболд
-Хормейстр – СТА Д.Алтантуул
-Гол дүр – Эрх цэнхэр ишиг- П.Мөнхцацрал /бүжигчин/, МУГЖ С.Эрдэнэцэцэг /дуучин/
-Эх ямаа – МУГЖ Ш.Одонтуяа /бүжигчин/, СТА Н.Амгалан /дуучин/
-Ишиг – Наранцацрал /бүжигчин/
-Хурга – Номинчимэг /бүжигчин/
-Ботго – Чинхүслэн /бүжигчин/
-Унага – Ичинхорлоо /бүжигчин/
-Тугал – Цэцэн-Эрдэнэ /бүжигчин/
-Бусад дүрүүд – Ишигнүүд- бүжигчид, найрал дуучид
-Хурганууд – бүжигчид, найрал дуучид
-Ботгонууд – бүжигчид, найрал дуучид
-Тугалнууд – бүжигчид, найрал дуучид
-Унаганууд – бүжигчид, найрал дуучид
-Ан амьтад /баавгай, туулай, чоно, буга, үнэг/ – бүжигчид
-Хөгжимчид – ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал